Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвар ил болсонтой холбоотойгоор нийгмээрээ энэ асуудалд чих тавьж, анхаарч, шүүн хэлэлцэж байна. Засгийн газар ч үүссэн нөхцөл байдал, иргэд, олон нийтийн зүгээс ирж байгаа санал, шүүмжлэлд үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргаад буй. Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас нэгдсэн журмаар олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн сонгон шалгаруулахаас эхлээд зээл, тэтгэлэг олгох, үр дүнг нь үнэлэх гээд үүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шударга болгохоор ажиллаж байгаагаа зарласан билээ.
Сонгон шалгаруулалтын явцад гардаг зөрчил, хүнд суртлыг таслан зогсоож, хүний оролцоог бууруулан, шилэн систем бий болгохоор санал нэгдсэнээ ч хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байлаа. Гэвч энэ сайн сайхан амлалт, өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэх сүржин мэдэгдлүүдийн цаана ч өнөөх л хулгай, луйврын шинжтэй хууль бус явдал үргэлжилсээр байгаа нь харамсалтай.
Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах оюутнуудын сонгон шалгаруулалтыг БШУЯ өнгөрсөн сарын 11-31-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний шатанд 133 оюутан материалаа ирүүлснээс голч дүн, хэлний оноо, сургуулийн эрэмбэ, бичиг баримтын бүрдэл, эсээ бичвэр, тэргүүлэх чиглэл буюу мэргэжил сонголт зэргээр нь үнэлээд 93-ыг нь үлдээсэн. Ингээд шалгаруулалтын сүүлийн шат буюу ярилцлагын сорилыг тавдугаар сарын 31-нд явуулж, оролцогчдыг эрэмбэлсэн байдаг. Сонгон шалгаруулалт дууссаныг яамныхан тухайн үед цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд дүнг нь зургадугаар сарын 12-ны даваа гарагт албан ёсоор олон нийтэд зарлахаа мэдэгдсэн юм. Гэтэл товлосон хугацаа нь болоход “АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас Боловсролын зээлийн санд хийж буй шалгалт дуусаагүй, сонгон шалгаруулалтын үйл явцад үнэлгээ хийсэн хөндлөнгийн хяналтын багийн дүгнэлт гараагүй учир дүн зарлах хугацааг хойшлуулж байна” гэж мэдээлсэн. Энэ нь шалгаруулалтад оролцсон оюутнуудын эцэг, эх төдийгүй иргэд, олон нийтийг ихэд бухимдуулсан юм. Сонгон шалгаруулалтын дүнг цаг хугацаанд нь зарлаагүй нь далд санаа, өөр зорилготой гэж хардах хүн ч цөөнгүй байв. Боловсролын зээлийн санд хийж байгаа шалгалт БШУЯ-наас явуулсан шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх ёсгүйг ч зарим судлаач, мэргэжилтэн хууль, журмын хүрээнд тайлбарласан. Ийнхүү нийгэм даяараа тус шалгаруулалтын дүнг чих тавин хүлээж буй энэ үед яамныхан оюутнуудаас дахин шалгалт авахаар болсноо зарлаж, гайхширууллаа. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс сүүлийн шатанд шалгарсан оюутнууд болон тэдний эцэг, эхчүүдийг цуглуулж, өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөхдөө үүнийгээ дуулгаж. Мөн эцсийн шатанд 93 биш, 100 хүүхэд тунаж үлдсэнийг энэ үеэр хэлж, “гэнэтийн бэлэг” барьжээ. Сонгон шалгаруулалт хэдийн дууссан гэж бодож (яамнаас ингэж мэдээлсэн), дүнгээ сонсчихвол л дараагийн ажлуудаа амжуулахаар адгаж, зэхэж суусан эцэг, эхчүүд, өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийсэн хэмээн итгэл найдвар, горьдлого тээсэн оюутнуудын хувьд энэ нь жинхэнэ “шок”-нд оруулсан мэдээ болов.
Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдахаар сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдүүдээс шалгалт авах болсон шалтгаанаа БШУЯ-ныхан Засгийн газрын тогтоол, шийдвэртэй холбон тайлбарлав. Тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах урилга авч, сонгон шалгаруулалтын журамд заасан суурь шаардлага хангасан иргэдийн суралцах чадварт ерөнхий үнэлгээ хийхийг энэ сарын 14-ний Засгийн газрын хуралдааны үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгасан гэх. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн эцэг, эхчүүдтэй уулзахдаа “Хэрэв та бүхэн зөвшөөрөхгүй байвал албан ёсоор өргөдөл гаргаад өгчих. Би түүнийг чинь сайдад уламжилъя. Өөр аргагүй. Надад үүнээс өөр чадах зүйл, эрх мэдэл байхгүй” хэмээн тэднийг тайвшруулаад, зугтах нь холгүй яваад өгч. Гэтэл тэр орой нь (өнгөрсөн баасан гарагт) шалгуур хангасан 100 хүүхдийн өргөдлийн дугаар, онооны жагсаалтыг яамныхан цахим хуудсандаа оруулаад, суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтыг зургадугаар сарын 23-нд авахаар тов зарлажээ. Үндсэндээ эцэг, эхчүүдийн санал, гомдлыг үл харгалзан шалгалт авахаар болсон гэсэн үг. Үүнийг эцэг, эхчүүд дуу нэгтэй эсэргүүцэж байна. Зарим нь хүүхдээ шалгаруулалтад оролцуулахгүй гэдгээ ч хэллээ.
Иргэн Н “Шалгаруулалт хэдийн дуусчихсан байхад Засгийн газрын тэмдэглэлийн дагуу гээд шинэ журмаар дахин тест авах гэж буй нь шударга бус, хууль зөрчсөн явдал. Хувь хүний хөгжлийн сорилоор тухайн хүүхэд цаашид сурч чадах, эсэхийг үнэлнэ гэнэ. Дэлхийн шилдэг сургуулиуд үүнийг хэдийн тодорхойлчихоод, урилга өгдөг шүү дээ. Ийм байтал яам дахин үнэлэх гэж байгаа нь логикийн алдаатай шийдвэр. Өмнө нь хоёр шатны шалгаруулалтын оноог 100 хувь гэж үнэлж байсан бол нэмэлтээр тест авахаар шийдвэрлэнгүүт 80 болгочихсон юм билээ. Хувь хүний хөгжлийн тест нийт онооны 20 хувийг бүрдүүлнэ. Гэнэт ийм шийдвэр танилцуулснаа “Энэ сорилыг үнэлэх программ бэлэн” гэж байгаа нь хүртэл сэжигтэй санагдлаа. Хэдийдээ тэр бүхнийг бэлэн болгов. Төр хэзээ ийм шуурхай ажилладаг болчихов. Тус программ нь үнэхээр хүнээс хараат бусаар үнэлж чадах уу. Маш их эргэлзэж байна” гэсэн бол өөр нэг нь “Хөндлөнгийн хяналтын багийн дүгнэлт гарсны дараа шалгаруулалтын дүнг зарлана гэж өчнөөн хоног хүлээлгэснээ дахин шалгалт авна гэсэн нь үнэхээр ойлгомжгүй. Тэр шалгалтаар ашиг сонирхлын шинжтэй зөрчлүүд илэрсэн байж болзошгүй. Хоёрдугаарт, энэ шийдвэр хууль эргэж үйлчилдэггүй гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна. Шалгаруулалт дууссанаас 14 хоногийн дараа гарсан шийдвэрийг үндэслэн, үнэлгээ хийх нэрээр дахин сорил авах гэж байгаа нь хууль бус” гэсэн юм.
Шалгаруулалтад оролцсон хоёр хүүхдийн эцэг, эхтэй холбогдоход эл шийдвэрийг эсэргүүцэж буй шалтгаанаа хангалттай үндэслэлтэйгээр ийнхүү тайлбарлаж байна. Шилэн болгохоор зорьж байгаа, зарим албан тушаалтны хэлсэнчлэн ийм тогтолцоо руу шилжих алхмаа хэдийн эхлүүлчихсэн гэх Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгох үйл явц, БШУ-ы сайдын тушаалаар байгуулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхний байр байдал нэг иймэрхүү. Уншигч та дээрх сан болон яамны албан ёсны цахим хуудсанд зочилж, дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын мэдээг шүүгээд үзээрэй. Эргэж буцсан, хоорондоо зөрчилдсөн, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, эгээ л орон гаран, мартаж, санадаг өвчтэй хүн бичсэн гэмээр мэдээллүүд гарч ирнэ. Энэ нь зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг үнэн, зөв, хүртээмжтэй түгээх, шалгаруулах үйл явцад онцгой хяналт тавих, цаашлаад журам, тогтолцоог нь өөрчилсөн шиг өөрчлөх цаг болсныг харуулж байна. Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвруудыг ил болгосон ч үүний үндэс суурь болсон, тогтолцооны гажуудал гэж хэлж болохуйц асуудлуудыг зөв голдиролд оруулаагүй байгаа нь ч эндээс харагдаж буй юм.
Эцсийн шатанд шалгаруулж, эрэмбэлсэн оролцогчдын тоог БШУЯ-ныхан цахим хуудсандаа 93, Засгийн газрын газрын хуралдааны үеэр 92 гэж мэдээлсэн атлаа өнгөрсөн баасан гарагт 100 хүүхдийн нэр оруулж ирсэн нь ямар учиртай вэ. “Гадаадад суралцах оюутнуудад олгох төсөв хязгаарлагдмал учир санхүүдээ багтаах зорилгоор дотооддоо эрэмбэ үүсгэдэг” гэх тайлбар өгч буй атлаа 2023 онд чухам хэдэн хүүхдэд, хэчнээн төгрөгийн санхүүжилт олгохоо өнөөдрийг хүртэл нээлттэй мэдээлэхгүй, нууцалсаар байгаагийн цаад шалтгаан нь юу вэ. Энэ бүхнийг хулгай, луйвартай холбож хардахаас өөр аргаалга.
Төрийн байгууллагуудын тодорхойгүй, эргэж буцсан, хууль, журмыг үл хайхарсан энэ байдал сонгон шалгаруулалтад оролцсон оюутнуудыг ч, тэдний эцэг, эхийг ч залхааж эхэлжээ. Үүнээс болж залуус цаг хугацаа, сэтгэл зүйгээрээ хохирч байгаагаа ч хэлэв. Эцэг, эхчүүдийн төлөөлөл болсон нэгэн эмэгтэй “Охин минь дэлхийн шилдэгт багтдаг дөрвөн их сургуулиас урилга авсан. Үүний хамгийн рейтинг өндөртэйд нь сургахаар төлөвлөж, БШУЯ-наас зарласан бакалаврын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оруулсан юм. Гэтэл яамныхан шалгаруулалтаа шударга, шуурхай, цаг хугацаанд нь явуулж чадсангүй. Суудлаа баталгаажуулах, амьдрах байраа шийдэх, визийн ярилцлагад орох гээд дараагийн ажлуудын цаг туллаа. Төчнөөн хүүхдэд, хамгийн ихдээ төдөн төгрөгийн зээл олгоно гээд чиг баримжаа өгчихвөл эрсдэлүүдээ тооцоолоод, өөр боломж эрэлхийлмээр байдаг. Ямар ч мэдээлэл өгөхгүй, таг харанхуйгаар л хэдэн хүүхдийг эцэг, эхтэй нь “уячих” юм. Сүүлдээ хүүхдүүд айж, түгшиж эхэллээ. “Ингэн байж зээл авах хэрэг байна уу.
Дараа нь биднийг нийгмээрээ зүхэж, ээж, аавтай минь буруутган шүүх юм биш үү” гэж ярьсан. Үнэндээ биднийг залхааж, шантрааж байна. Энэ удаагийн шалгаруулалтад орсон хүүхдүүд дандаа хувийн сургуулийнх, бэл бэнчинтэй айлынх гэж зарим сэтгүүлч сенсацалсан. Манайх бол жирийн л нэгэн айл. Гэр бүлд минь улс төрийн хамааралтай, өндөр албан тушаалтай хүн огт байхгүй. Хүүхдээ сайн сургуульд сургахын тулд бүхнээ зориулж, хичээсэн л хүмүүс. Энэ хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртсэндээ баярлаж бахдаад, сонгон шалгаруулалтад орсныхоо төлөө өнөөдөр хулгайч, авлигач болчихлоо. Хувийн сургуулийн сурагч тэтгэлэг, зээл хүртэж болохгүй гэсэн хууль, журам бий бил үү. Тэднийг ад үзэхийн оронд улсын сургуулиудынхаа чанар чансааг дээшлүүлэхэд анхаарах ёстой баймаар” хэмээн өгүүлсэн юм. Үнэхээр л тэтгэлэг, зээл олгодог үйл явцыг нээлттэй, шударга болгож, зөв голдиролд нь оруулахгүй л бол түүний охины хэлсэнчлэн төрийн санхүүжилтээр сурсан болгоныг нийтээр нь харлуулж, нийгмээрээ үзэн яддаг явдал цаашид ч амь бөхтэй оршсоор байхыг хэн мэдлээ.