“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж буй бөгөөд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.
- Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх
- Тариалалт, ургац хураалтын дараах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний ногооны чанарыг сайжруулах
- Хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тасралтгүй дотоодоос хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэлэг технологи нэвтрүүлэх
- Ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх