МУИС-ийн санаачилгаар, Үндэсний цахим номын сан буюу “Esan”-гийн дэмжлэгээр сурах бичгийн нээлттэй цахим хуудас ашиглалтад орууллаа. Энэ үеэр МУИС-ийн ректор Д.Бадарч болон “Esan”-г үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүвшин нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Цахим номын сан нь хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй. МУИС-ийн оюутнууд өөрсдийн хичээлийн цахим платформоор дамжуулан уншиж болно. Харин бусад уншигч “Esan” аппликэйшн ашиглан нэвтрэх боломжтой. Ц.Мөнхтүвшин “Цахим номын санд 40 000 гаруй ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, дипломын ажил багтсан. Манай “Esan” платформын хэрэглэгчийн тоо 40 000-д хүрсэн” гэв. Зохиогчид өөрсдийн бичсэн ном, зохиол, өгүүллээ зохиогчийн эрхээ хамгаалан хамтын гэрээ байгуулж эл санд оруулах боломжтойг тэрбээр мөн дурдлаа.
Бэлтгэсэн: Д.Түвшин