“Монголын яаралтай түргэн тусламж, эмнэлгийн эрүүл ахуй” төсөл, Монголын сувилагчдын нийгэмлэг болон “Эмнэлгийн эрүүл ахуй институт” ТББ хамтран эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлтийн ажилтан, сувилагч бэлтгэх сургалтыг энэ сарын 19-22-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтын үеэр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын мэргэжилтнүүд хичээл заах аж. Тус сургалт нь цэвэрлэгээ, ариутгалын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх, халдварын сэргийлэлтийн үндсэн мэдлэг олгох, эмнэлгээс шалтгаалах халдварыг бууруулах зорилготой гэнэ. Агуулгын хувьд микро биологийн суурь мэдлэг, олон эмд тэсвэртэй бактери, шүдний эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлт, уян дуранг дахин хэрэглэхэд бэлтгэх зэрэг сэдвээр хичээл заах аж. Үүнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн халдвар судлаач, ариутгагч, халдварын хяналт, сэргэлт хариуцсан ажилтан, оношилгооны уян дурангийн эмч, эрүүл ахуйч, ариутгагч нар хамрагдах боломжтой.
Бэлтгэсэн: Н.Болоршүр