“Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар малын зүрх болон үхрийн гүзээ кг нь дунджаар 8000, бөөр 3000, хонины элэг ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй байв. Богийн цувдайг 15 000-20 000, үхрийн хэлийг кг-ыг нь 18 000 төгрөгөөр борлуулж байлаа. Тэгвэл “Долоон буудал” орчмын махны дэлгүүрүүдэд цувдай дунджаар 25 000, үхрийн гүзээ кг нь 10 000, элэг 2500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сарынхаас үхрийн хэл болон цувдайны үнэ бараг хоёр дахин, бусад бүтээгдэхүүнийх 50-60 хувиар нэмэгдсэн дүн болжээ. “Хүчит шонхор” захын нэгэн борлуулагч энэ талаар “Бүх төрлийн мах, дайвар бүтээгдэхүүний үнэ жилд бараг хоёр дахин өссөн. Тодруулбал, өнгөрсөн жил үхрийн хэлийг 9000-10 000, цувдайг 10 000, богийн элгийг ширхгийг нь 1500 орчим төгрөгөөр борлуулж байсан юм. Уг нь цувдай хямд бол иргэд худалдан авах нь элбэг, борлуулалт сайтай бүтээгдэхүүнд тооцогддог. Харин энэ жил нэг цувдайг 20 000 төгрөгөөр худалдан авах хүн ч цөөн, нийлүүлэлт ч бага байна” гэлээ.