Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг энэ сарын 26-29-нд Улаанбаатарт зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ-аас өчигдөр мэдээллээ. НҮБ-ын харьяа Олон улсын худалдааны төвөөс зохион байгуулдаг уг чуулга уулзалт нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулж, улмаар хувь хүн, компани, улс үндэстний хөгжлийг дэмжих зорилготой юм байна. Монголд болох дээрх арга хэмжээ нь энэ удаа хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, тухайн улсууд бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх гэнэ. Мөн органик бүтээгдэхүүний экспортыг өсгөх, цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, туршлага солилцон, шийдэл боловсруулах аж. “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д 20 улсаас 300 орчим бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, компани, үйлдвэрлэгч оролцохоор бүртгүүлжээ.