Элсэлтийн ерөнхий шалгалт улс даяар өчигдөр 10.00 цагт Монголын түүхийн хичээлээр эхэллээ. Энэ жил 1686 сурагч тус шалгалтад бүртгүүлжээ. ЭЕШ-ын зохион байгуулалт ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийг зорив. Үүдэнд нь хоёр ажилтан сурагчдын материалыг шалгаж, зохион байгуулагч заавар, зөвлөгөө өгч байлаа. Төгсөх сурагчдын тухай дуу эгшиглэх нь сандарч, бяцхан айдастай байгаа сурагчдыг тайвшруулж, бас догдлуулж байх шиг. Шалгалт эхлэнгүүт зохион байгуулагчдаас бусад хүнийг дотогш орохыг хориглож, сургуулийн хаалгыг барилаа. 24 дүгээр сургуульд ирэх ёстой 36 шалгуулагчаас 28 нь ирсэн байв. Тус сургуульд Боловсролын үнэлгээний төвөөс томилогдсон багийн ахлагч Ш.Дашцэрмаа “Зохион байгуулалтын хувьд үндсэн аргаараа буюу өмнөхөөрөө. Хүүхдүүд бичиг баримтаа үлдээсэн тохиолдолд шалгалтын байранд оруулчихаад, шалгалт эхлэхээс өмнө ар гэрийнхнээр нь авчруулах боломж өгч байгаа. Хүүхдүүд хоцрохоос өөрөөр бараг асуудал гараагүй” гэв. Зохион байгуулалтын багийн найман хүнээс гадна Боловсролын үнэлгээний төвийн үндсэн дөрвөн ажилтан, цагдаа нар ажиллаж байлаа. Хянагч багш нарыг дүүргийнх нь Боловсролын хэлтэс сонгодог аж.
Шалгалтын байрны гадна эцэг, эхчүүд хүлээж бөгөөд тэд “Хүүхдүүд маань хонхны баяраараа баярлаж, улсын шалгалт өгнө гэж хямраад, ЭЕШ-дсанаа зовоод, сэтгэл зүй нь тогтворгүй л байна. Улсын шалгалт, ЭЕШ хоёр нь ойрхон болж байгаа учраас ядарцгаах шиг боллоо” гэж байлаа. Нийслэлийн хэмжээнд сурагчдын батламжийг хожуу олгосноос тамга тэмдэг нь дутуу бичиг баримттай хүүхэд нэг бус байв. Сандарсан эцэг, эхчүүд сургууль руу нь холбогдох гэхээр утсаа авахгүй нь ч байлаа. Шалгалтын байранд авчрах материалуудын нэг нь бүртгэлийн хуудас. Энэ онд төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулж буй. Нэгэн ээж “Сургуулийн захирлаар гарын үсэг зуруулах гэж гурав, дөрвөн цаг хүлээж байж бичиг баримтаа авсан ч арын хуудсан дээр нь гарын үсэг дутуу байгаагаас асуудал үүсчихлээ. Сургуулийнх нь холбогдох хүмүүс утсаа авахгүй юм” хэмээн сандрах аж.
ЭЕШ эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Тус төвийн дарга Д.Ганбат “Энэ онд 34 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 23 мянга нь математикийн хичээлээр шалгалт өгөхөөр байна. Блокчейн технологи нэвтрүүлсэн нь 2023 оны ЭЕШ-ын онцлог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шалгуулагчийн оноог автоматаар системд нэгтгэнэ гэсэн үг. Системд нэгэнт байршсан мэдээллийг устгах боломжгүй. Хөндлөнгөөс өөрчлөх, засах боломжгүй. Иргэдийн дунд эргэлзээ үүсгэдэг асуудал нь материал задарсан гэх мэдээлэл. Ийм тохиолдол гараагүй. Шалгуулагчид гар утсаа авч орон зураг дарснаас үүдэн олон нийтийн дунд эргэлзээ үүсэж байна. Шалгалт авч буй байр орчимд тээврийн цагдаагийн албанаас зохицуулалт хийж байгаа” гэв.
Монголын түүхийн хичээлийн шалгалт 11.20 цагт дууссан юм. Шалгалтын материалыг тус сургуулийн биеийн тамирын зааланд зассан бөгөөд сурагчид энэ үйл явцыг хянаж, оноотойгоо танилцан гарч байлаа. Энэ жилийн шалгалтын материал тэдний төсөөлж байснаас хүнд байсныг сурагчид хэлж байсан юм. Шалгуулагч Б.Гантуяа “Сургуулийнхаа давтлагад суугаад, өмнөх жилүүдийн материалыг ашиглан бэлдсэн. “Сандарч болохгүй” гэж ээж, аав хэлсэн болохоор тайван байхыг хичээлээ. Хариултаа бөглөх нүднүүд нь жижигхэн болохоор хэцүү юм. Бас харандаа нь хэтэрхий тод гардаг болохоор зураас гаргасан л бол арилгах боломжгүй байлаа” гэв.
Өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал зэрэг хичээлийн шалгалттай.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн