Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон замаас гарч саатсан байна. Тодруулбал, 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан мэдээллийг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс өглөө. Дээрх галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд–Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрүүлж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байсан. Галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн бөгөөд сэргээн босгох ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН