“Хил хязгааргүй англи хэл” уриан дор жил бүр зохион байгуулдаг “Хиппо” англи хэлний олон улсын олимпиадын финалын шатанд Монголоос ес, бүсийнхэд 22 хүүхэд эх орноо төлөөлөн оролцохоор шалгараад байна. Эл олимпиадад 60 орны 83 120 сурагч өрсөлдсөн бөгөөд манай улсаас нийт 4413 хүүхэд оролцсоноос хагас шигшээд 394 нь тунаж, одоогийн байдлаар 31 нь ийнхүү тив, дэлхийн хэмжээнд уралдах эрхээ аваад буй аж. Зарим насны ангиллын дүн гараагүй байгаа тул энэ тоо нэмэгдэж магадгүйг зохион байгуулагчид онцлов. “Хиппо-2023” олимпиадын бүсийн шигшээ шалгаруулалт ирэх долдугаар 6-7-нд Малайзын Куала-Лумпур, дэлхийн аварга шалгаруулах нь есдүгээр сарын 27-30-нд Италийн Ром хотод болох нь. Дэлхийн финалд оролцох эрхээ авсан есөн сурагч “Жэт”, “Орчлон”, “Хобби” зэрэг сургуулийнх байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл