Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт түүхийн хичээл шалгалтаар эхлэв. ЭЕШ-д оролцохоор 34 432 хүн бүртгүүлсэн байна. Энэ жил зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2460 орчим хүн ажиллаж байна. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө. БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жил ЭЕШ өгөхөөр 34 432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн байна.
ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж буй. Гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.
Мөн ЭЕШ өндөрлөсний дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ.
ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн хичээл нь математик, англи хэл, нийгэм судлал аж. Эсрэгээрээ орос хэл, газар, түүхийн хичээлээр шалгалт өгөх хүүхэд ховор байжээ.
Сурагчид шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суудлын хуваариа хэвлэж авчрах ёстой. Харин шалгалтын байранд гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном дэвтэр, дуу хураагуур, толь бичиг, ноорог цаас хориотой аж.
Өнөөдөр 14.00 цагт англи хэлний шалгалттай. шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут аж.