“Соёлын сэргэлт 2023” аяныг Дундговь аймгийн Баянжаргалан суманд өчигдөр амжилттай зохион байгуулав. Аяны хүрээнд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл тавьж, Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал “Номын сангийн эрх зүйн орчин, цаашдын зорилт” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Улмаар Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Занабазарын музейн үзүүлэнг танхимд дэлгэн үзүүллээ. Мөн МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал хүүхэд багачуудад “Ном унших ач тус” сэдвээр танилцуулга хийсэн юм. Үдэш нь ХЦДБЭЧ-ын дуучин МУСТА Н.Нямдаваа, ХЦДБЭЧуулгын дуучин Уранболор тэргүүтэй уран бүтээлчид болон нутгийн Ардын авьяастан, өвлөн уламжлагч Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, П.Шамуу шавь нарын хамт, ардын авьяастан Батжаргал, П.Отгончимэг, Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлж тоглолтоо тавьлаа.