Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, дээд боловсролын сургалтын бусад хэлбэрийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Тус тогтоолоор төрийн, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн тэтгэлэг, зээл, санхүүгийн дэмжлэг болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, нэгдсэн журмаар буюу Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгохоор болж байна. Үүнтэй холбоотойгоор бүхий л үйл ажиллагааг ил тод, шударга, хүртээмжтэй болгон, хүний оролцоог бууруулж автоматжуулах, тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг суралцагч, төгсөгч бүрээр жил тутам үнэлэхийг даалгав. Тухайлбал, сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлсэн материал, баримт бичгийн шалгалтыг автомат төхөөрөмжөөр хийх аж.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн бөгөөд “Монгол Улсад шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг жил бүрийн улсын төсвийг батлахтай хамт зарлана. Мөн зээлээ төлөх, хаах нөхцөл, журмыг тодорхой болгохыг Ерөнхий сайд даалгасан. Төрийн аливаа сонгон шалгаруулалтын нэг хэсэг болсон ярилцлагын шалгалтаас татгалзан, бүрэн автомат систем нэвтрүүлнэ. Засгийн газрын бусад тусгай сангийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сар гэхэд шилэн болгохоор зорьж байна” гэв. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцах болзлыг энэ онд 92 хүн хангаад буй аж. Тэдний зөөлөн ур чадварыг нь үнэлж байж эцсийн шийдвэрийг гаргахаар болсон байна.
Бэлтгэсэн: Б.Уран