Монголд өдгөө хамгийн эрэлт хэрэгцээтэй атлаа хамгийн үнэ хүндгүй, нэр муутай мэргэжил нь багш болчихлоо. Хүн бүр хүүхдээ сайн багшид даатгаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг ч сурган хүмүүжүүлэгчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, улс, эх орны ирээдүйн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэхгүй, ойшоохгүй байна. Боловсролын салбараас, сургуулиудаас сайн багш “нэхдэг” хүн олон ч өөрт нь, эсвэл үр хүүхдэд нь ийм сонголт ирэхэд “сүүлээ хавчин зугтаадаг”. Бага цалинтай, өндөр ачаалалтай, сайн нэргүй гээд халгадаг. Мэргэжлээ сонгох гээд будилж цөхөж буй төгсөх ангийн охиноос “Багш болбол ямар вэ” гэж асуухад “Ёстой үгүй. Багш л биш бол юу ч байсан яах вэ. Хэчнээн тааруу оноо авсан ч ийм сонголт хийхгүй. Бүр болохгүй бол нэг жил өнжөөд, дахин элсэлтийн ерөнхий шалгалт өгнө” гэж эрс шийдэмгий хариулав. Эцэг, эх нь ч түүний амыг дагуулж “Багш дэмий. Цалин багатай. Бид үүнийг хамгийн түрүүнд жагсаалтаас хасчихсан. Өөрийнх нь хүслийг дагуулахгүй бол сургуулиа дундаас нь орхиж, сандаргаж магадгүй учраас сонголтод нь нөлөөлөхгүйг боддог” гэсэн юм. Бодит байдал өнөөдөр ийм л байна.
...Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бууруулах, голч дүн харгалзаж тэтгэлэгт хамруулах, таван жил тутам урамшуулал олгох, гүйцэтгэлээр нь нэмэлт өгөх зэрэг “үмх чимх”, гал унтраах төдий арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд цалин, урамшууллыг нь тултал нэмэхэд л хангалттай...
Багш хүний үндсэн ажил бол хүүхэд, залууст амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгож, тэднийг бие хүн болон хүмүүжих, төлөвших үндэс суурийг тавих. Тиймээс хүн судлалын мэргэжил ч гэж үздэг. Сурган хүмүүжүүлэх ажлын үр шимийг нийгэм даяараа хүртдэг учраас тэднийг хамгийн хүртээмжтэй, өгөөжтэй агаад хүнд хөдөлмөр эрхэлдэг хэмээн үнэлдэг жишиг олон улсад бий. Мэдээж энэ үнэлгээг өндөр хариуцлага, нэр хүнд, сайн үнэлэмж, хүндлэл дагадаг. Харамсалтай нь, манай улсад үүний эсрэг жишиг тогтчихоод байна. Хамгийн тааруу үнэлэмж, бага цалин, нэр хүндгүй мэргэжлийн жагсаалтыг багш “тэргүүлэх” болов. Энэ чиглэлээр суралцах залуусын тоо жил ирэх тусам буурсаар. “Би сайн багш болно” хэмээн хүсэж, зорихоосоо илүү элсэлтийн шалгалтын оноондоо “барьцаалагдан” ийм мэргэжил сонгох нь элбэгшив. Эцэс сүүлдээ сургуулиуд нь багшлах боловсон хүчний хомсдолд ороод байна. “Монгол Улс багш, эмч нараа Солонгос руу алдаад дууслаа” гэдэг яриа оргүй хоосноос бий болсон зүйл биш юм. 2022-2023 оны хичээлийн жилийг 4000 орчим багшийн сул орон тоотойгоор эхлүүлсэн. Энэ тоо ирэх намар гэхэд хэд болж өсөхийг таашгүй.
Боловсролын үлгэр жишээ тогтолцоотой орны тоонд ордог Япон улсад дөрвөн жил гаруйн хугацаанд амьдраад, эх орондоо ирээд багшилж буй С.Байгаль “Би 2015 онд МУБИС-ийн Багшийн сургуульд бага ангийн багш мэргэжил эзэмшин төгссөн юм. Мэргэжлээрээ нэг жил орчим ажиллаад, Япон руу явсан. Тэнд байх хугацаандаа мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, мэдэрч, өөрөөр харах болсон юм. Япончууд багшийг “Хүнээр хүн хийх арга ухаанд суралцсан хүн” гэж ихэд хүндэлж, дээдэлдэг. Өндөр боловсрол, ёс суртахуун, хүмүүжилтэй, өв тэгш япон иргэнийг багш л бий болгодог гэж нийгмээрээ хүлээн зөвшөөрч, хүндэлдэг. Тус улс багш, инженерүүдэд хамгийн өндөр цалин өгдөг юм билээ. Тэр дундаа бага сургуулийн багшийн цалин хавьгүйилүү байдаг нь нарийн ур чадвар, ажиллагаа шаарддагтай холбоотой. Монголчууд багш нарыг бараа, бүтээгдэхүүн шиг сайн, муу, чанартай, чанаргүй гэж ялгадаг. Харин тэнд тийм ангилал үгүй. Хамгийн сайн, шилдэг гэсэн хүүхдүүдээ багшаар сургаж, бэлтгэдэг учраас муу гэсэн ойлголт байдаггүй.
“Монголдоо очоод мэргэжлээрээ наанадаж таван жил ажиллах юм шүү” гэсэн өөдрөг бодолтой ирсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгэн сургуульд багшлаад хоёр орчим жил боллоо. Хэдийгээр сэтгэл зүйн бэлтгэлтэй, “Ийм бэрхшээл тулгарч болзошгүй” гэсэн тооцоололтой ирсэн ч шантраад байна. Багшийг хүлээж авах нийгмийн хандлага, сургуулийн зүгээс оноодог элдэв ажлууд, удирдлагуудын байр байдал гээд олон зүйл миний эрмэлзлийг мохоох боллоо. Цалингаа авах бүртээ хямарч, сэтгэлээр унадаг. Үүнээсээ болж гэр бүлийнхэнтэйгээ хүртэл зөрчилдөх нь бий. Японд багш нар ажлаа бахархалтайгаар хийдэг бол Монголд дарамт дүүрэн байх юм” хэмээн гунигтай өгүүллээ. Түүний хэлсэнчлэн манай улс үнэхээр л “ялархаж”, зугтахаас аргагүй хэмжээний их дарамтыг багш нарт үүрүүлдэг атлаа түүнд нь таарсан цалин, урамшуулал өгч чаддаггүй нь үнэн билээ.
Монгол Улс бусад оронтой мөр зэрэгцэн хөгжихийг, боловсролыг тэргүүлэх салбараа болгохыг зорьж буй л бол багшийн үнэлэмжийг өсгөхөд анхаарсан шиг анхаарч, зорьж, тэмүүлж эзэмшдэг, өрсөлдөж сонгодог брэнд мэргэжил болгох хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бууруулах, голч дүн харгалзаж тэтгэлэгт хамруулах, таван жил тутам урамшуулал олгох, гүйцэтгэлээр нь нэмэлт өгөх зэрэг “үмх чимх”, гал унтраах төдий арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд цалин, урамшууллыг нь тултал нэмэхэд л хангалттай. Үүнийхээ хэрээр багш мэргэжлээр суралцагсдад тавих шаардлага, шалгуураа өндөрсгөж, боловсон хүчин бэлтгэдэг хөтөлбөр, тогтолцоогоо сайжруулах шаардлагатай. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог чүү ай давсан муу сурлагатан, багшлах эрхийн шалгалтаа “арын хаалга”-аар өгсөн хууран мэхлэгчид, их, дээд сургуулиас хуурамч диплом өвөртөлсөн хүмүүст энэ салбарт шургалах орон зай олгох ёсгүй юм. Боловсролын салбарт боловсролтой, ёс зүйтэй хүмүүс л хэрэгтэй.
Энэ салбартай ойр байдаг хүмүүст “Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ” гэсэн асуулт тавихад “Цалин нэмэх” гэсэн нийтлэг хариулт хэлэв. “Сайн сургуулийг таны дэргэд” төрийн бус байгууллагын тэргүүн, олон улс судлаач П.Наранбаяр “Багшийн цалинг нэмэх хэрэгтэй. Цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой. Элсэлтийн шалгалтын босго оноог бууруулах зэрэг арга хэмжээ нь боловсролын салбарыг улам дордуулна. Бүр сул багштай болно гэсэн үг. Энэ бол БШУЯ-ны алдаатай шийдвэр” гэсэн юм. Харин Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Г.Оюунжаргал “Манай улс дан ганц элсэгчдийг нэмэгдүүлэх чиглэлд л анхаардгаас биш, “Яавал багшийн үнэлэмж сайжрах вэ” гэдэгт ач холбогдол өгөхгүй юм. Үүний уршгаар чанаргүй, олон багш бэлтгэгдэж, тэр хэрээр нийгэм дэх үнэлэмж нь доошиллоо. Уг нь энэ асуудлыг тогтолцоогоор нь харж, олон талын хүчин зүйлийг уялдуулсан арга хэмжээ авах ёстой. Хүүхэд болгон багадаа багш болохыг мөрөөддөг шүү дээ. Цэцэрлэгээсээ эхлээд л ингэж тоглодог. Үүнийг бодитоор биежүүлэхийн тулд үлгэр жишээ, сайн багшийг олшруулах хэрэгтэй. Хүний нөөцийг сайжруулахын тулд цалин, урамшууллыг нэмж, сурлагын амжилттай, шилдэг залуусыг шигшиж суралцуулах нь үр дүнтэй. Монгол Улс ойрын 30 жилдээ багшийн хомсдолтой байна гэсэн судалгаа, тооцоо бий” гэсэн юм. Нийгэм дэх багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэхгүй бол боловсролын салбар ирэх жилүүдэд гүн хямралд орж болзошгүй нь.