Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, сайн туршлага солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорьж байна.
Мөн ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ. Түүнчлэн, тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инноваци,ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцах юм.
2022 онд зохион байгуулагдсан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аар Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд энэ удаагийн чуулганы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондыг гаргана.