Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж элсэлтийн ерөнхий шалгалт болон зохион байгуулж буй бусад ажлын талаар хэлэлцлээ. 2023 оны ЭЕШ-ыг энэ сарын 15-18-нд улс даяар зэрэг зохион байгуулах юм.
Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15.7 мянган сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. ЭЕШ өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөсөн аж. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЭЕШ авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн эсрэг зохицуулалт хийнэ. Шалгалтын байрны цахилгаан, ус, дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах юм. Шалгалтын байрны ойролцоо дуу чимээ гаргахгүй, зам засварын ажил гүйцэтгэхгүй, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэг арга хэмжээ авна. Мөн шалгалтын батламжийн хуудсаа үзүүлэн тухайн өдрүүдэд хүүхдүүд нийтийн тээврээр төлбөргүй зорчих зохицуулалт хийж байна” гэв.
Бэлтгэсэн: Д.Түвшин