БШУЯ дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах оюутнуудын сонгон шалгаруулалтын эцсийн шатыг өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулсан. Шалгаруулалтын комисс буюу ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан, эсэхийг хөндлөнгийн хяналтын багаар нягтлуулсны дараа (энэ сарын 12-нд) олон нийтэд зарлахаа тус яамнаас мэдэгдэж байсан юм. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас Боловсролын зээлийн санд хийж буй шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор шалгаруулалтын дүн зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа БШУЯ-наас мэдээлэв. БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас үүний учир шалтгааныг тодруулахад “Хөндлөнгийн хяналтын багийн дүгнэлт гараагүй, мөн Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар сонгон шалгаруулалтын үр дүнг давхар шалгаж байгаа учраас хойшлуулсан.
Төдийд зарлана гэсэн тодорхой тов байхгүй” гэв. Харин олон нийт үүнийг зүй бус, оюутнуудыг хохироох шийдвэр хэмээн үзэж буй юм. Гадаадын сургуульд зээл, тэтгэлгээр суралцах оюутнуудын хувьд визийн мэдүүлэг өгөх, амьдрах байраа шийдэх зэрэг яаралтай зохицуулах асуудал олон байдаг учраас тэтгэлгийн дүнг цаг алдалгүй зарлах нь чухал гэдгийг хөндөж байна. Хууль хяналтын байгууллагаас хийж буй шалгалтаас үл хамаараад ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнг хугацаанд нь зарлах ёстойн үндэслэлийг ч учир мэдэх хүмүүс хэллээ. Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа “Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БШУ-ы сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулдаг. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хийж буй шалгалт шалгаруулалтын дүнг зарлахгүй байх шалтгаан болохгүй. Энэ нь хардлага төрүүлж байна” гэсэн юм.