Кино найруулагч Д.Золбаяр “Банхар” хэмээх кино тууж бичжээ. Нутгаа орхин хот руу нүүж байгаа нэгэн айлын амьдралын тухай өгүүлдэг аж. Тэдний нохойгоор дамжуулан хотжилт, даяарчлалын энэ үед тулгамдаж буй бодит асуудлыг уран сайхны аргаар харуулахыг зорьсон байна. Номын аудио хувилбарыг түрүүлж гаргасан бөгөөд жүжигчин, дуу оруулагч Ш.Батболд зохиолыг гурван цаг гаруй хугацаанд уншжээ.
Тууж “Саргүй шөнө алсын бараа бүү хэл, хөл доорх газар ч харагдахгүй нь гачлантай. Гэрэлгүй орчинд дуу чимээ тод сонсогддог ажээ. Үхэр хивж, адуу шир шир хийлгэн өвс хазлан иднэ. Хааяа хоточ банхар бүдүүн дуугаар “Би байгаа шүү” гэж, хотныхоо бүх малд халдан довтолж болзошгүй сүүлтэй, сүүлгүй чононд, мөн эзэндээ жижүүрийн мэдээ өгөх шиг хөв хөв хийн хуцна” хэмээн эхлэх ажгуу.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл