Бээжингийн 29 дэх удаагийн олон улсын номын яармаг энэ сарын 15-18-нд БНХАУ-ын Үндэсний хурлын төвд болох нь. Уг арга хэмжээг тус улсын Үндэсний хэвлэлийн газар, Шинжлэх ухаан технологийн яам, Бээжин хотын захиргаа, Хятадын хэвлэн нийтлэгчдийн холбоо, Зохиолчдын холбоо нь хамтран зохион байгуулж буй аж. Манай улсаас үндэсний номын баярыг санаачлагч Б.Сувд, “ТВ-9” телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Номин, “Номын соёлт ертөнц” байгууллагын дэргэдэх залуучуудын клубийн гишүүн, сурагч Х.Батзолбоо, “White House publishing”-ийн захирал Н.Хулан нар оролцохоор явжээ.
Тус олон улсын номын үзэсгэлэнг 1986 оноос зохион байгуулсан бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий баяр гэж үздэг. Мөн цараа, чансаагаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлдэг юм байна. Жил бүр дэлхийн 100 гаруй улс, бүс нутгаас 2600 гаруй байгууллага оролцдог гэнэ. Мөн аль нэг орныг баярын “Хүндэт улс”-аар нэрлэдэг уламжлалтай бөгөөд энэ удаа Алжирыг онцолжээ.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл