Соёлын дэд сайд М. Батбаяр өнөөдөр Япон Улсын Ямаха корпорацын Ази, Номхон далайн бүс хариуцсан албаны менежер Кэнсүкэ Мүкүно, Нариаки Такахара болон тус корпорацийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер Протек ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнх-Эрдэнэ нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй анхан шатны нэгж болох сумдын Соёлын төвийн хүний нөөцийг чадавхжуулах, дахин мэргэшүүлэх, Соёлын төв, ордны гэрэл, хөгжмийн техникийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг талууд онцоллоо.
Түүнчлэн Соёлын төвийн хөгжмийн багшийг мэргэшүүлэх, техникчдийг сургах сургалтын төвийг байгуулах, уг сургалтын төвийг Ямаха корпорац болон Протек ХХК-ний зүгээс мэргэжлийн багш, мэргэжилтнээр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгээр тоноглох, үлээвэр хөгжмийн мэргэжлийн засвар үйлчилгээний 2 мэргэжилтнийг Япон улсад бэлтгэх боломжтой байгаа талаараа санал хэлэв.
Соёлын яамны зүгээс урлагийн байгууллагын болон сумдын Соёлын төвд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг ханган, цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.