“Бөмбөгөр” худалдааны төвд өчигдрөөс үхрийн цул махыг кг тутмыг нь 23000-24000, ястайг нь 20 000 төгрөгөөр зарж эхлэв. Хонины цул нь 17000, харин ястай нь 15000 төгрөг. Адууны махыг 15000-аарзарж байсан.
“Эмээлт” орчимд мах ямар үнэтэй байгаа талаар тэнд ажилладаг малчнаас тодруулахад “Үхрийн мах 15 000, хониных 13 000, адуу есөн мянгатай байна” гэлээ. Тэнд хотын захуудад үзэгддэггүй ямааны мах ч байгаа бөгөөд кг-ыг нь есөн мянгаар борлуулж буй аж. Бас тэмээний мах бий, кг нь 7800 төгрөг гэнэ. Эндээс үзэхэд лав үхрийн мах Эмээлтээс “Хүчит шонхор”-оор “ороод”, “Бөмбөгөр”-т ирэхэд багадаа 5000-аар нэмэгдэж байна. Мах энэ хавар өмнөх жилүүдийнхээс илүү үнэд орсны учир юу вэ. Хаваржилт хүндэрснээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ асуултад хариулахаар ШӨХТГ-ынхан ажиллаж эхэлжээ. Төрөөс жил бүр үнийн өсөлтөөс сэргийлж мах, гурил бэлтгэдэг компаниудад бага хувийн хүүтэй зээл олгож ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд компаниуд 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. “Үр дүнд” нь махны үнэийн хүү өсөв гэж үү. Хариуг ШӨХТГ-ынхан удахгүй өгөх нь ээ.