ОХУ-ын нутаг дэвсгэр нь Ази, Европыг холбосон хамгийн тохиромжтой транзит коридоруудын нэг хэвээр байна. 6 дугаар сарын 14-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр түүний оролцогчид логистикийн шинэ сүлжээнд онцгой анхаарал хандуулах болно.
Оросын Холбооны Улс бараа тээвэрлэлтийн бүх чиглэлийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгсөөр байна. Тухайлбал 2022 онд Байгаль-Амарын магистраль шугам болон Транс-Сибирийн төмөр замын чиглэлд 161 км гаруй төмөр зам тавьж, контактын цахилгаан сүлжээний гурван мянга шахам шонг суурилуулж, 11.4 сая шоо метр суурь бүтэц бэлдсэн байна.
Түүнчлэн хилийн боомтуудад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард Өвөрбайгалийн хязгаарт Забайкальскийн дахин ачаалах цэг ашиглалтад орсон. ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Алексей Чекунковын хэлснээр, уг гарамыг шинэчилснээр Номхон далайн боомт руу чиглэсэн одоогийн замуудтай харьцуулахад нэг тонн ачаа тутамд 3000 км замыг хэмнэх боломжтой.
Харин Монгол Улс 2023 оны тавдугаар сарын 1-нээс ОХУ-аас хүлээн авах транзит чингэлэг галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. ТАСС агентлагийн мэдээлснээр, Наушки төмөр замын өртөөгээр өдөрт 5 галт тэрэг явах юм байна. Улаанбаатар төмөр зам энэ оны эхний гурван сарын байдлаар 8 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 13 гаруй хувь нь дамжин өнгөрөх ачаа байв.
Сүүлийн үед ОХУ Хойд тэнгисийн замд ихээхэн ач холбогдол өгч байна. Маршрутын гол хэсэг бол Суэцийн сувгаар дамжин өнгөрөх замтай харьцуулахад зүүнээс баруун тийш бараа хүргэх хугацааг 11 хоногоор багасгасан явдал юм. Мөн зарим улс орнууд уг замыг хөгжүүлэхэд оролцох асуудлыг эргэн харахыг хүсэж байгаа бөгөөд Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнууд сонирхлоо илэрхийлэх магадлалтай.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 17-нд Засгийн газрын гишүүдтэй уулзахдаа “Умард тэнгисийн замыг хөгжүүлэх төлөвлөгөө, тэр дундаа Оростой харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй манай гадаад түншүүд байгаа” гэв.
Оросын Холбооны Улс 2026 он гэхэд 100 сая тонн, 2030 он гэхэд 200 сая тоннын бараа тээвэрлэх зорилт тависан байна. 6 дугаар сарын дундуур ОХУ-ын хойд нийслэлд Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болох бөгөөд гол сэдэв нь “Хараат бус хөгжил нь шударга ертөнцийн үндэс. Хойч үеийнхээ төлөө хүчээ нэгтгэцгээе".
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков “Энэ жил эдийн засаг, санхүүгийн шинэ загвар, нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн янз бүрийн салбарын ирээдүйд онцгой анхаарал хандуулах болно” гэж онцлон тэмдэглэв.