“Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулганы нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо /ОУХДХ/-ны орлогч дарга Жан Шао Ган, ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт илгээснийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Ирмүүн уламжиллаа.
Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. XV чуулган 2019 онд ОХУ-ын Красноярск хотноо болж байсан бөгөөд XVI чуулган нь цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлог юм.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Улс хоорондын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь танхим хоорондын хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг, цаашид худалдаа бизнесийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар санал солилцож, асуудлыг тодорхойлон тус тусын төр засгийн байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлэх, холбогдох төрийн байгууллагуудыг холбох чиглэлээр танхим хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй”-г илэрхийлээ. Мөн МҮХАҮТ-ын хувьд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхээр экспортын хилийн доторх, хил дээрх ба хилийн гаднах асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх нь маш чухал байгаа, хөрш орны ХАҮТ-уудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг тодотгов. 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн байсан ба үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж байна.
ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич “ОХУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааны шинэ боломж нээгдэж, бид урт замын эхэнд байна. Эдийн засгийн "шинэ" нөхцөлд хамтын ажиллагааны илүү цогц хэлбэр, тухайлбал хамтарсан үйлдвэр байгуулах, аж үйлдвэрлэлд шилжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, барьж байгуулах тал дээр Монголын түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. Мөн Монголын тээвэр, логистикийн дэд бүтцийн гол байгууламжуудыг өндөр түвшинд шинэчлэх, хөгжүүлэх, Улаанбаатар хотод орчин үеийн тээвэр, логистикийн нэгдсэн төвийг байгуулах, орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах чиглэлүүдээр хамтран ажиллах нь маш ирээдүйтэй харагдаж байна” хэмээн онцоллоо.
БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааг чухалчлан үзэж, хэлэлцээ, худалдаа эдийн засгийн чуулганыг тогтмол зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг зорьсоор ирснийг үгийнхээ эхэнд онцлоод худалдааны танхим, худалдааг дэмжих агентлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн стратегийг нэгтгэх боломжийг ашиглах замаар гурван улсын эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэв. Мөн бизнесийн хүрээнийхэн бол эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааны гол хүч, шууд ашиг хүртэгчид гэдгийг тодотгоод гурван улсын бизнес эрхлэгчид Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, уламжлалт худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны арга барилыг шинэчилж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх өргөн боломж нээлттэй байгааг цохон тэмдэглэв.
Гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТ-ууд хэрхэн хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцох юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганы үеэр төр болон хувийн хэвшлийн төлөөлөл Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна хөдөө аж ахуй ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцох төдийгүй сайн туршлагаа хуваалцана. Мөн дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг энэ үеэр танилцуулж, чуулганы хаалтын үеэр холбогдох талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэн баталгаажуулж, шинэ түншлэлийг эхлүүлэх юм.