Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний таван сарын байдлаар 9.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, экспортод 6.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, импортод 3.4 тэрбумыг зарцуулснаар гадаад худалдааны тэнцэл 2.8 тэрбум гаруй “ногоон”-ы ашигтай гарчээ. Экспортын орлогын 87.1 хувийг эрдэс баялаг, 4.7-г нь үнэт болон хагас үнэт чулуу, гоёлын зүйлс, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүрдүүлжээ.
Түүнчлэн экспортын орлогын хэмжээ 2022 оны эхний таван сарынхаас 54.4 хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл импортын дүнгийн21 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 12.7-гоор нь ачааны болон суудлын автомашин, 2.3-аар нь цахилгаан худалдан авсан аж. Импортод зарцуулсан хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10.4 хувиар өсжээ. Монгол Улс дээрх хугацаанд 63 оронд бүтээгдэхүүн экспортолсноос БНХАУ-д 91.6, Швейцарт 3.9, БНСУ-д 1.4 хувь нь ногдсон аж. Харин 136 улсаас гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-аас 39, ОХУ-аас 26.7, Японоос 7.7, БНСУ-аас 4.5 хувийг нь худалдан авсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдав.