Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс 79 компанийг хасах нөхцөл үүссэн тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг ханган, энэ сарын 20-ны дотор хариу мэдэгдэх ёстойг анхаарууллаа. Энэ хугацаанд арга хэмжээ авч, хариу мэдэгдэхгүй бол тэдгээр компанийг тус биржийн Үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу бүртгэлээс хасах үндэслэл болох аж. Нэр бүхий дээрх тооны компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, арилжаа нь идэвхгүй, тогтмол биелүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, хувьцааны арилжааг нь зогсоосон, түүнийг нь сэргээх шаардлага хангаагүй байгаа гэнэ. Тухайлбал, “Хот девелопмент”, “Дархан хөвөн”, “Э-Транс ложистикс” зэрэг 68 компанийн хувьцааны хөрвөх чадвар хангалтгүй, үнэт цаасных нь арилжааны идэвх муу байсныг сүүлийн гурван жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээс танилцуулав.
Бэлтгэсэн: Б.Сонор