2022-2023 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас (БЕГ) аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт чиглэл хүргүүлжээ. Тодруулбал, энэ онд аймаг, сумдын тэгш ой олон тохиож буйтай холбоотойгоор ажилтнуудаас 1-2 өдрийн цалингаа хандивлахыг хүсэх нь нэмэгджээ. Тиймээс боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр суутгах, тоглолтын тасалбар тулган борлуулах зэргээр Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг мэдэгдлээ. Мөн ойн хандив цуглуулах ажлыг сургалтын байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар хангахгүй байх арга хэмжээ авч, хийсэн ажлын тайлангаа ирэх сарын 1-ний дотор БЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлэхийг даалгажээ. Үүнээс гадна анги, сургуулийн засвар, тохижилтод зориулан сурагчдаас мөнгө хураах ёсгүйг БЕГ-ын дарга Т.Ням-Очир дурдлаа. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гүнзгийрүүлэн судлах, сонгон суралцах зарим хичээлд нэмэлт төлбөр авах журам бий. Үүнийг л эцэг, эхчүүдээс гаргуулах бөгөөд өөр ямар нэгэн төлбөр, хураамж авах ёсгүй” гэв.