Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэн, үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцыг ил тод, шударга, хүртээмжтэй, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Ингэхдээ хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулах нь чухлыг онцолсон байна. Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулийг баримтлан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг. Дэлхийн шилдэг сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Энэ үйл явцыг олон нийтэд нээлттэй болгохын тулд автоматжуулсан систем нэвтрүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Бэлтгэсэн: Б.Уран