Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард 2022 оны мөн үеийнхээс 11.3, өнгөрсөн жилийн эцсээс 6.1, өмнөх сарынхаасаа 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард өмнөх жилийн мөн үеийнхээс 11.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 7.8, хувцас, бөс бараа, гутлынх 12.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Мөн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 11.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 6.6, тээврийн бүлгийнх гурав, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 19.8 хувиар дээшилсэн нь ч нөлөөлжээ. Инфляцын түвшин улсын хэмжээнд 11.3 хувьтай гарсны 5.2 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дээшилснээс шалтгаалсныг мөн дурдлаа. Тэгвэл Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 2022 оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд 221 нь импортынх юм. Тэдгээр нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Манай улсын инфляцын зорилтот түвшин 4-8 хувь ч ийнхүү хоёр оронтой тоонд хэвээр байна.
Бэлтгэсэн: Б.Сонор