Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” төрийн бус байгууллага хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг Сүхбаатарын талбайд долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Уг арга хэмжээний нээлт бямба гаргийн 13.00 цагт эхэлж, гурван цаг орчим хугацаанд үргэлжлэх нь. Мото спортын тамирчид 16.00 цагт нийслэлийн төв талбайгаас цуваа болон хөдөлж “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорих аж. Тус газарт хүрсний дараа мото спорт сонирхогч залуус, олон нийтэд зориулсан экстрим, энтертайнмент арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эл фестивальд 21 аймгийн спорт клуб, монгол туургатны төлөөлөл тамирчид оролцдогоороо онцлогтой. 2019 онд хамгийн олон буюу 800-гаад тамирчин оролцсоноос 200 нь Орос, Хятадынх байсан юм. Харин өнгөрсөн жил гадаадаас 100 гаруй хүн оролцсон байна.