Боловсролын ерөнхий хуулиас иргэд, олон нийт их зүйл хүлээж байна. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөж буй Боловсролын тухай хуульд “Боловсролын үндсэн зарчим нь тогтвортой, уялдаатай, тэгш, бүх нийтэд хүртээмжтэй, тасралтгүй, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна” хэмээн тусгасан нь өнгөрсөн хугацаанд биеллээ олоогүй юм. Тогтвортой, уялдаатай байх зарчим шат шатандаа алдагдсанаас ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, стандартаас эхлээд дээд боловсролын суурь бодлого нь хүртэл холбироод байна. Тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчим алдагдсанаас чанартай, чанаргүй боловсрол эзэмших, хувийн, эсвэл улсын сургуулийн сурагч гэсэн хоорондоо эрс тэс ялгаатай, том ангалаар хуваагдсан ангид “давхарга” бий болчихлоо, энэ салбарт.
Төр боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, ивээж, зохицуулж, эрх тэгш, чанартай боловсрол эзэмших иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалж, хангаж чадаагүйгээс эл салбарт авлига, хээл хахууль, хулгай гаарч, тэр хэрээр нэр хүнд нь унав. Боловсролын зээлийн сангийн хулгай бол үүний нэг хэсэг нь л юм. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийн цаадах будилаан, сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газар, спортын талбайг онилсон газрын наймаа, ашиг сонирхлоос үүдэлтэй халаа сэлгээ, хуурамч диплом үйлдвэрлэл, суралцагч элсүүлэх төлбөрт “уралдаан” гээд тоочоод байвал мөнгөний, ашгийн болтлоо буруу замаар цэцэглэсэн “бизнес” тус салбарт цөөнгүй. Тиймээс боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар реформ хийж, бугшмал асуудлуудыг цэгцлэх цаг болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч буй юм.
ГАРААНЫ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОЁ
Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой юу, үгүй юү. Энэ асуулт ихээхэн маргаан, талцал үүсгээд байна. Одоо мөрдөж байгаа хуульд “Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө байна”, “Төрийн бус өмчид түшиглэсэн сургалтын байгууллага ашгийн болон ашгийн төлөө бус байна” гэсэн байдаг бол шинэчилсэн найруулгад “Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус, эсвэл ашгийн төлөө байж болно” хэмээн тусгасан нь тодорхойгүй, бүрхэг заалт болсныг учир мэдэх хүмүүс хөндлөө. Өмнө нь зөвхөн хувийн сургалтын байгууллагуудад ийм чөлөөт сонголт олгодог байсан бол шинэ хуульд үүнийг ялгаж зааглалгүй тусгасан нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах боломжтойг хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн судлаачид хардаж байгаа юм. Нээрэн л тэгж уншигдаж, ойлгогдохоор буй. Гэтэл хууль санаачлагчид нь “Ашгийн төлөө хэмээх ойлголт зөвхөн хувийн сургуулиудад хамаатай” хэмээн тайлбарласан байна билээ. “Хуульд тусгахдаа өөрөөр биччихэж. Үнэн хэрэгтээ ийм шүү” гэж залруулсан юм даг уу даа. Ийм хариуцлагагүй байж болох уу. Өмнөх хуулийн заалтыг товчилж бичих гэхдээ алдаа гаргав уу, эсвэл хэргээр ойлгомжгүй байдал үүсгэв үү.
Боловсрол ашгийн төлөө байж болохгүй олон шалтгааныг судлаач, мэргэжилтнүүд баримт, нотолгоонд үндэслэн дэвшүүлсээр байна. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудыг төр өнгөрсөн хугацаанд хангалттай “харж үзсэний” үр дүнд боловсролын салбарт тэгш бус байдал гаарсан гэж дүгнэх хүн олон. Тэр дундаас “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхний “Хувийн хэвшлийнхний сургалтын үйл ажиллагаа эрхлэх үзэл баримтлал, сэдэл тэмүүлэл нь ялгаатай байж болох ч ямагт хүний эрх, хүүхдийн эрхийн зарчмуудыг удирдлага болгон ажиллах ёстой. Энэ салбар дахь хувьчлал болон боловсролыг бизнес гэж үзэх хандлага өсөн нэмэгдэж байгаа нь олон улсын хэмжээнд асуудал дагуулж буй. Ашгийн төлөө, төлбөр төлдөг боловсролыг төр бодлогоор дэмжиж, өргөжүүлснээр нийтийн, чанартай боловсролд зориулах нэн хэрэгцээт санхүүжилтийг өөр тийш чиглүүлдэг. Үүний үр дүнд боловсролын тогтолцоонд гадуурхал, тэгш бус байдал улам гаардаг. Ашгийн төлөө байгууллагын зорилго нь мөнгө, түүндээ хүрэх хэрэгсэл нь боловсрол байдаг. Боловсролын салбарт хувийн хэвшлийнхэн оролцож болно, гэхдээ ашгийн бус байх ёстой. Нэн ялангуяа ерөнхий боловсролыг ашгийн төлөө бус байлгах зайлшгүй шаардлагатай” гэсэн байр суурь илүү ханатай санагдав. Боловсрол тэгш, хүртээмжтэй байх үндэс нь тэгш гараа шүү дээ. Энэ гараа хаанаас эхэлдэг вэ гэхээр ерөнхий боловсролын сургалтаас. Олон улсад ч ингэж үздэг юм билээ. Гэтэл манайд үүнийг ашгийн тал руу нь хэт хэлбийлгэчихсэн. Үүний горыг бид амсаж буй.
Хувийн сургуулиуд тэнгэрт хадсан өндөр төлбөртэй байдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн тэд төрийн ачаа үүрэлцэж байгаа нэрээр улсаас татаас (хувьсах зардал) давхар авдаг. Тэгээд аль сайн, шилдэг гэсэн багш нарыг улсын сургуулиудаас урвуулан авч, хичээл заалгадаг. Энэ нь төрийн өмчит сургуулиудын сургалтын чанар муудах, үйл ажиллагаа доголдох, боловсон хүчнээр хомсдох бас нэг шалтгаан болдог юм. Сүүлдээ эцэг, эхчүүд ч төлбөрийн дарамтад орж, өөрсдийнхөө “ухсан нүхэнд” унахад хүрээд байгаа. Хувийн сургуулиуд төрөөс авсан мөнгөө хэрхэн зарцуулснаа тайлагнадаггүй, улс ч үүнд дорвитой хяналт тавьдаггүй юм билээ. Тэд яг л ийм байдлаар өнгөрсөн хугацаанд түншилж иржээ. Үр дүнд нь “Хувийн сургуулийн сурагч”, “Улсын сургуульд суралцагч” гэсэн тусгаар “анги” үүсэв. Энэ түншлэл удаан хугацаанд үргэлжилбэл боловсрол тэргүүлэх бус, дампуу салбар болж ч мэднэ. Тиймээс л ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудыг төр давхар тэтгэж, “эрхлүүлэх” шаардлагагүй гээд байгаа юм. Хувийн сургууль, цэцэрлэг огт хэрэгцээгүй гэж үгүйсгэсэнгүй. Гол нь тэдэнд төрөөс мөнгө олгож хөхиүлэн дэмжих хэрэггүй, үүний оронд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөрүүлэхэд, цоожтой хаалга сахиж үлддэг хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоход, улсын сургуулиудын сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад тэр хөрөнгөө зарцуулах нь илүү өгөөжтэй, шударга юм. “Боловсрол бүх нийтэд хүртээмжтэй байна” гэсэн үндсэн зарчмыг хуульдаа тусгасан орны хувьд тус салбарын төсвийг бүх нийтэд хүртээмжтэй зүйлд зарцуулах нь зүйн хэрэг билээ. БШУ-ы сайд “Хэт өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй” гэж мэдэгдсэн ч шинэ хуульд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив зардлыг төр хариуцна” гэсэн заалт оруулсан. Хувийн, төрийн байхаас үл хамаараад бүх сургууль, цэцэрлэгт үүнийг олгох уу, эсвэл ялгаа зааг тогтоох уу, хэдэн төгрөгөөс дээш байвал өндөр төлбөртэй гэж үзэх, ямрыг нь хямд хэмээн үнэлэх вэ гэдэг нь бас л тодорхойгүй.
ШИНЭ БОСГО
Л.Энх-Амгалан сайд “Улс төрийн сонгуулийн дараа боловсролын салбарт маш их халаа сэлгээ хийдэг. Сүүлийн найман жилд сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагын 80 гаруй хувь нь солигджээ. Тиймээс мэргэжлийн, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалт, томилгоо хийдэг тогтолцоо руу шилжинэ. Үүнд нэг алхам урагшилсан зохицуулалтыг Боловсролын ерөнхий хуульд тусгасан нь манай салбарт реформ болно. Цаашдаа хэн чаддаг, туршлагатай нь боловсролын байгууллагыг удирдана” гэж мэдэгдсэн. Тэгвэл шинэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын захирал, эрхлэгчид хэд хэдэн нийтлэг шаардлага тавих юм байна. Тухайлбал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан (багшаар зургаагаас, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, аргазүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан), мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн шаардлага тавьжээ. Мөн мэдээж багшлах эрх олгох шалгалт зайлшгүй өгсөн байхаар тусгаж. Үндсэндээ сургуулийн өмнөх, ерөнхий, дээд боловсрол гээд бүх шатны сургалтын байгууллагыг салбарынх нь, ажлаа мэддэг хүмүүсээр удирдуулах нь. Хэрэгжүүлж чадвал зүйтэй санаачилга. Ингэж байж боловсролын байгууллагыг улс төрөөс ангид, авлига, хээл хахуулиас хол байлгах суурийг тавина. Хоёрдугаарт, боловсролын үндсэн зарчим болох тогтвортой, уялдаатай бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
БОЛОВСОН ХҮЧИН ЧУХАЛ
Энэ салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол хүний нөөц. “Монгол Улс багш, эмч нараа Солонгос руу алдаад дууслаа” гэдэг яриа зүгээр ч нэг бий болчихсон юм биш. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багш, эмч сүүлийн жилүүдэд зуузай холбон багтах болсон нь ч нэгийг хэлж байгаа. Багшлах боловсон хүчингүй бол хэчнээн сайн сургалтын хөтөлбөр нэвтрүүлээд, хэдэн арван сургууль, цэцэрлэг нэмж бариад ч нэмэргүй. Бас тэдний цалин, хангамжийг сайжруулахгүй, нийгмийн баталгааг нь хангахгүй аваас хэчнээн мянган оюутныг зээл, тэтгэлгээр сургаад, захирал, эрхлэгчийн албан тушаал амлаад тусгүй. Гагцхүү мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах нь чухал. Одоогийн хууль, журмаар бол багш мэргэжлээр суралцагсдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, голч дүнг харгалзан 70-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа. Тэгвэл үүн дээр нэмээд бүрэн дунд болон ахлах сургуулийн дэргэдэх сонгон бүлгийг амжилттай төгссөнийг нь их, дээд сургуульд багшаар элсэн суралцахад нь улсаас дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгажээ. Тодруулбал, БШУЯ-наас баталсан журмын дагуу, сургуулиудын дэргэд багш бэлтгэх “дамжаа” хичээллүүлэх аж. Багш мэргэжлээр амжилттай суралцаж, орон нутагт өөрийн хүсэлтээр тав буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгажээ. Гэхдээ төрийн дэмжлэг гэж чухам юуг хэлж буйг тодорхой бичээгүй байна.
Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 13.3.5-т “Сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, номын санч, эмч, хоолзүйч, тогооч, үндсэн болон туслах багш, дотуур байрны багш, сэтгэл зүйчид таван жил тутам нэг удаа зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж улсаас олгоно” гэж заажээ. Хууль санаачлагчид үүнийгээ ихэд чухалчлан ярьж байгаа. Яг үнэндээ таван жилд нэг удаа олгох тэтгэмжээс илүү өнөөдөр авч буй тав, арван төгрөг нь багш нарт илүү үнэ цэнтэй шүү дээ. Ингэж ярихаар салбарын сайд нь “Өнгөрсөн жилээс эхлээд багш нар үр дүн, гүйцэтгэлд суурилсан өндөр цалин авч байгаа” гэж сөргүүлдэг. Харин тус салбарынхан “Гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр бүх багш өндөр цалин авах боломжгүй. Нэмэр бус, нэрмээс л болсон шийдвэр” хэмээн ярьж байна. Гэтэл багш нарын ажлын үнэлэмжийг цаашдаа ч ийм хэлбэрээр тогтоохоор Боловсролын ерөнхий хуульд тусгажээ.