Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс бэлчээрийн ургамлын төлөв байдлыг танилцууллаа. Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим сумын нутгаар муу буюу мал бэлчээх боломжгүй байгаа аж. Харин Орхоны нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн цөөн сумд ургамлын гарц дунд байна. Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамал хэвийн гарчээ. Тодруулбал, манай орны зүүн аймгуудад өвс ногоо хэвийн гарсан бол говь, төвийн бүсэд харьцангуй муу ургажээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.1-7.3 градусаар хүйтэн байсан гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл