Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх нь энэ тэмцээний зорилго юм. Мөн 2024 онд БНФУ-н Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулна. Монгол ур чадварын тэмцээний эхний шат тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, GIZ-“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хамтран зохион байгууллаа. Мөн холбогдох сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна. Монгол ур чадвар 2023 тэмцээний 1-р шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд 17 МБСБ-ын 41 суралцагчид шалгарлаа. Тэмцээн нийт 3 шаттайгаар зохион байгуулагдана. 2-р шат 2023 оны 10 сарын 12-13нд, 3-р шат 12 сард болно.
Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатанд шалгарсан байна.