Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа. УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ийм таваарыг биржээр дамжуулан борлуулахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерын үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах эрх зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх зорилгоор журмууд баталсан аж. Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх, Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам баталсан байна. Ингэснээр бирж болон брокерын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах, үүнд зуучлах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөл бүрдэж, арилжаа, төлбөр, тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болохын зэрэгцээ түүхий эдийн арилжаа олон улсын жишгийн дагуу шударга, ил тод, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдсэн гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор