Соёлын сэргэлт-2023 аян Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд аймагт үргэлжилж байна. Энэ удаа Соёлын яамнаас гар урлаач Б.Энхбаатарыг онцолжээ.
Шавхах тусам улам ундардаг булаг мэт Монгол хүний оюун ухаан дэлхийн соёлын түүхэнд цоо шинэ хуудас нээж, тод гялалзсан билээ. Тэр дундаа нүүдлийн соёл, аж байдал, уламжлалт сэтгэлгээ соёлын биет бус өв уламжлал одоо ч дэлхийд гайхагдсаар байгаа юм. Сэлэнгэ нутгийн соёлын биет бус өв өвлөн уламжлагч гар урлаач Б.Энхбаярыг бид "Соёлын сэргэлт" аяны хүрээнд онцоллоо.
Тэрбээр гар урлаач бөгөөд арьс ширээр бүтээгдэхүүн урлаж, арьсан эдлэлийн үнэ цэнийг тодотгож яваа нэгэн. Б.Энхбаяр арьсаар эмээл, хазаар, ногт, чөдөр хийхээс гадна ээмэг, бөгж, толгойн гоёл, цүнх гэх мэт 40 орчим төрлийн бүтээгдэхүүн урлаж байна.
Түүний 48-аар сүлжин урласан бүс монголд ховорхон өргөн бүсэд тооцогдож, "Нүүдэлчин монголчууд" наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан юм. Арьсан эдлэлийг ногт, хазаараар хязгаарлалгүй өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж, арьсан эдлэлээр олон төрлийн бүтээгдэхүүн урлаж эхэлсэн тухай гар урлаач Б.Энхбаяр ярьсан юм.
Нэг бүтээгдэхүүн гаргахын тулд нэгээс хоёр сарын хугацаа зарцуулж, уламжлалт аргаар арьсаа боловсруулдаг учраас түүний бүтээлүүд илүү олон жилийн насжилт даадаг байна. Арьсаар хийсэн бүтээгдэхүүн эдэлгээ сайтай 60-70 гаруй жил ч хэрэглэх боломжтойгоороо илүү үнэ цэнтэй. Арьсан урлал нь нүүдэлчдийн мал аж ахуй эрхлэх цагаас үүдэлтэй бидний өвөг дээдсээс өвлөн авсан соёлын биет бус өв уламжлал билээ.