World Scientific хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “The Physics Educator” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээс Азийн физикийн олимпиадын зохион байгуулах хороонд захидал ирүүллээ. Захидалд Монгол улсад зохиогдсон энэ жилийн Азийн физикийн олимпиадад тавигдсан бодлогуудад дэвшүүлсэн асуудлууд нэн сонирхолтой шинэлэг болсныг дурьдаад эдгээр бодлогод хөндөгдсөн физикийн үзэгдэл юмсын талаар тус сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ.
Азийн физикийн олимпиадын Академик хороо энэ жилийн олимпиадад зориулж онолын 3, туршлагын 2 бодлого дэвшүүлж олон орны багш сурагчдын хүч авьяасыг сорьсон. Тус бодлогуудыг бүрэн бодоход нийт 50 оноо авахаар байсан боловч хамгийн өндөр оноо авсан сурагч 33.5 оноог авсан юм.
Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр Азийн физикийн олимпиадын ерөнхийлөгч Проф. Л.Ч.Квэк энэ удаагийн даалгаварууд физикийн маш сонирхолтой асуудлуудыг дэвшүүлсэн амаргүй хүнд бодлогууд байсныг мөн онцолсон. Оролцогч сурагч, багш нарт эдгээр бодлогуудыг гүйцээж бүрэн бодох, тэнд дэвшүүлсэн асуудлуудыг цаашид гүнзгий судалж ойлгохыг уриалж байв.
Ташрамд дурдахад, аливаа олимпиадын түвшин чансааг түүнд дэвшүүлсэн бодлогуудын чанараар дүгнэдэг бөгөөд энэ удаа манай физикчид Олимпиадынхаа нэр хүндийг амжилттай хамгаалж чадлаа.
Азийн физикийн олимпиадад сайн дурын ажилтнаар ажиллахаар 340 хүүхэд бүртгүүлсэн. Тэднээс хэлний онооны шалгуураар 100 хүүхдийг сонгож олимпиадын туршид хамтран ажилласан юм. Өчигдөр тэдэнд сертификат гардуулав.
2023 оны тавдугаар сарын 21-э29-ний өдрүүдэд сайн дурын ажилтнууд зочдыг угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэл 9 хоногийн турш хамтран ажилласан юм. Олимпиад амжилттай болоход сайн дурын ажилтнуудын гүйцэтгэсэн үүрэг оролцоо их байлаа.