Өнгөрөгч сард томоохон зах, худалдааны төвүүдэд махны үнэ бараг долоо хоног тутам нэмэгдсэн. Тодруулбал, өмнөх долоо хоногт “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн ястай мах кг нь 17 000-18 000, цул нь 22 000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өдгөө ястай нь 20 000, цул нь 24 000 төгрөг болж өсөөд байна. Мөн хониных кг нь 17 500-19 500 төгрөгт хүрэв. “Хүчит шонхор” худалдааны төвд үхрийн махны үнэ кг нь 19 000-24 000, хониных 16 000-18 000 төгрөг болжээ. Тэгвэл “Хархорин” худалдааны төвд аль ч махны үнэ дээрхээс 1000-2000 төгрөгөөр хямд байв. Тухайлбал, хонины махыг кг-ыг нь 14 500-16 000 төгрөгөөр борлуулж байлаа. Махны үнэ өсөж буй талаар зарим худалдаачин “Нийлүүлэлт багассан нь ханшид нөлөөлж байна” гэв.