Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүн бий аж. Тэдний тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200.2 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгсөн сайд нар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл, хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй хэмжээгээр тэтгэврийг нь нэмэх гэнэ.
Түүнчлэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэжээ. Тус санд 2021 онд 5.1, 2022 онд 4.3, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Үүнээс олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдэд 2021 онд 25, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал болгон олгожээ. Дээрх санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилд нэг удаа хэлэлцэн гаргах юм байна. Мөн Хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулахыг хүсвэл иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ тус санд хандивлах боломж бүрдүүлэх аж. Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, төрийн болон хүүхдийн өөрсдийнх нь оролцооны байгууллагын төлөөллөөс бүрдсэн дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэв. Эдгээр дэд зөвлөл хуралдан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжлах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Уран