“Өмнөговийн иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бий юү. Манай аймаг Монгол Улсын төсвийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэтэл орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг хар. Та нар одоогийн боомтуудаа ашиглаж чадахгүй байж дахин шинийг нээж яах гэв. Өмнийн говийн нутаг барагдлаа шүү дээ. Монголын баялгийг нэг дор цөлмөж, дуусгах ямар шаардлага байна вэ. Биднийг золиосонд гаргаж байгаа юм уу. Амьдрах нөхцөлгүй болгох гээ юү. Уул уурхайд ажиллаж байгаа хэдэн залуучууд цалингийн зээл, тэтгэвэр авахын төлөө л зүтгэж байна. Овойж оцойтлоо ашиг олсон зүйл алга. Байр, машинтай нь бүгд лизингтэй, малчид нь цөм банканд зээлтэй. Та нар биднийг ийм байдалд оруулчихаад хөгжил дэвшил ярина гэвэл эндүүрэл. Манай нутагт сүүлийн хэдэн жил айхавтар ган боллоо. Муусайн малчид байж суух, тайван аж төрөх аргагүйд хүрлээ. Ийм асуудал ярихаар үүл буудаж, бороо оруулна гэнэ. Ингэж биднийг хуурч болохгүй. Ерөнхий сайд “Намайг алба хашиж байх хугацаанд шинэ боомт нээх асуудал дахиж яригдахгүй. Өмнөх шийдвэрийг цуцална” гэж ам гарчихаад явсан. Биелсэн нь хаана байна” хэмээн нэгэн эр бухимдлаа илэрхийлэхэд танхимд цугласан олон түүнийг алга ташилтаар түрж, “Тийм шүү дээ”, “Тэгж хэлсэн”, “Амлалтаа биелүүл”, “Хэлсэндээ хүрээч” гэж орилцгоов. Тэдний өмнө тайзан дээр суух албаны хүмүүс ихэд чухал царай гарган иргэдийн яриаг сонсож, тэмдэглэн авч байлаа.
...Өнгөрсөн оны хавар гэхэд малчид, экологичдын төлөөлөл олон улсын байгууллагад хандахаа мэдэгдсэн билээ. Үндсэндээ Цагаандэл уул-Өлзий боомт тойрсон хэрүүл 10 орчим жил үргэлжилж буй юм. Засгийн газар үүнд цэг тавьж чадахгүй иргэдээсээ хулгаж “гүйсээр”, хөрөнгө оруулагчдынхаа өмнө тал алдахгүй гэсэндээ элдэв шалтаг тоочиж, аргацаасаар өдий хүрчээ...
Ийм нэгэн үйл явдал өнгөрсөн сарын 28-нд Даланзадгад сумын Нутгийн удирдлагын ордонд болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтод ажиллах үеэр Боомтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга .Тулга Хүрмэн, Номгон, Ханхонгор сумын иргэд, малчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй Цагаандэл уул-Өлзий боомт болон тус чиглэлд тавих авто замын асуудлаар уулзжээ. Өмнөговь аймгийн удирдлага дээрх сумдын Засаг дарга нарт тус уулзалтад иргэдээ идэвхтэй оролцуулахыг үүрэгдсэн албан бичиг хүртэл илгээж. Ингээд уулзалт болоход иргэд Засгийн газрын тэргүүнийг амлалтдаа хүрсэнгүй гэж бухимдаж, Боомтын сайдыг малчдын тархи угаахаар ирлээ хэмээн загнасаар, нүүр өгөлгүй буцаажээ. Б.Тулга сайд иргэдийн яриаг баахан сонсож суусаар чигтэй үг хэлж чадалгүй явсан гэх.
Өмнөговь аймгийн нутагт байнгын ажиллагаатай, авто замын шинэ боомт байгуулах тухай тогтоолыг Засгийн газар 2014 онд гаргасан байдаг. Улмаар Хятадын талтай зөвшилцөж, бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө санхүүгийн үүсвэрээ хүртэл тодорхой болгосон билээ. Цагаандэл уул-Өлзий боомтыг хоёр улс жишиг болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд олон улсын транзит тээвэр, экспортыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэртэй хэмээн эергээр зурагласан. Хачирхалтай нь, ийм шийдвэр гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн атал иргэдийн эсэргүүцлийн улмаас бүтээн байгуулалтын ажил нь гараандаа гацсан хэвээр, эцэс сүүлдээ боомт нээх, эсэх нь ч бүрхэг боллоо.
Өмнийн говьд гурав дахь боомт байгуулах шийдвэрийг орон нутгийн иргэд эхнээс нь эсэргүүцсэн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хоёр боомт, том, жижиг нийлсэн 20 гаруй уурхай байгаль орчинд хангалттай их хэмжээний дарамт учруулж, өмнөговьчууд үүний үр нөлөөг өдөр тутам амсаж байгаа хэмээн тэд ярьсан юм. Дахиад боомт нээвэл экосистемийн доройтол улам хурцдаж, хүн амьдрах нөхцөлгүй болно гэж зөгнөж буй. Шинэ боомтын чиглэлд авто зам тавьснаар малчид малаа бэлчээх нутаггүй, уух усгүй болж, амьжиргаанаасаа салах эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа. Тиймээс энэ ажлыг зогсоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хүртэл байгуулж, 1200 гаруй иргэний гарын үсэг цуглуулан, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” тэргүүтэй төрийн бус байгууллагууд экологич, судлаачидтай хамтраад энэ асуудлаар удаа дараа хэвлэлийн хурал хийж, Засгийн газрын 46 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж байв. Өнгөрсөн оны хавар гэхэд малчид, экологичдын төлөөлөл олон улсын байгууллагад хандахаа мэдэгдсэн билээ. Үндсэндээ Цагаандэл уул-Өлзий боомт тойрсон хэрүүл 10 орчим жил үргэлжилж буй юм. Засгийн газар үүнд цэг тавьж чадахгүй иргэдээсээ хулгаж “гүйсээр”, хөрөнгө оруулагчдынхаа өмнө тал алдахгүй гэсэндээ элдэв шалтаг тоочиж, аргацаасаар өдий хүрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нартай хийсэн уулзалтынхаа үеэр “Томоохон төслийн бүтээн байгуулалт дээр орон нутаг Засгийн газартайгаа нэгдмэл байр суурьтай байх ёстой. Цагаандэл уул боомтын ажлыг урагшлуулахгүй бол болохгүй. Тиймээс түвшин түвшиндээ асуудлаа шийдэж, тэнд байгаа жижиг улстөржилтийг Засаг дарга нар зангараглаж барих хэрэгтэй. Монгол бол нэгдмэл улс” хэмээн ярьсан мөртлөө өнгөрсөн оны зургадугаар сард Өмнөговьд ажиллахдаа шинэ боомт байгуулах тухай Засгийн газрын 46 дугаар тогтоолыг түдгэлзүүлнэ гэж иргэдэд ам гарсан нь хачирхалтай. Орон нутгийн иргэд энэ яриаг нь баримтжуулаад авчихсан, өдгөө түүнээс амлалт, жинхэнэ “зангараг” нэхэж байна. Шинэ боомтын талаар ам нээсэн болгоны өөдөөс малчид хэлэх үгтэй, нэхэх хариуцлагатай болж. Үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил хийхээр зөвшилцөн гэрээ, хэлцэл байгуулж хөрөнгө санхүүгээ шийдсэн хүмүүсийн дунд ойлгомжгүй, бүрхэг нөхцөл байдал үүсээд буй аж.
Өмнийн говьд үүссэн эл нөхцөл байдал Монголын төр хэчнээн омтгой, олхиогүйг харуулж байна. Ганц энэ ч биш, олон төсөл, хөтөлбөр ийм бэрхшээлийн улмаас замхарсан. Хэдэн он дамжин сунжирсан, хэрэгжих, эсэх нь тодорхойгүй ажлууд ч бий. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гэхэд яг ийм шалтгаанаар олон жил “түгжигдсэн”. Усан сангийн талбайд хамаарах газраа бүрэн чөлөөлөөгүй, орон нутгийн иргэдтэй ойлголцоогүй, холбогдох тооцоо, судалгааг гүйцэд хийгээгүй байж хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулж, зөвшилцөлд хүрсэн. Ингээд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх гэтэл иргэд эсэргүүцэж, бөөн асуудал үүсгэсэн юм. Улмаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, малчин өрхүүдийн хохирлын судалгааг хийлгэсний үндсэн дээр тухайн бүсэд амьдардаг иргэдэд багагүй хэмжээний нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэж, “гал” намжаагаад буй. Хөшигийн хөндийд байгуулахаар шавыг нь тавьж, ерөнхий төлөвлөгөөг нь баталсан Шинэ Зуунмод хотын газрыг чөлөөлөхийн тулд бас л иргэдийг “нааш цааш” болгох, нөхөн төлбөр өгөх асуудал үүссэн. Францын талтай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлсэн дүүжин тээврийн төсөл бас л иргэдийн эсэргүүцэл, газар чөлөөлөлтийн улмаас саатаад байгаа. Ямар сайндаа л хотын дарга “Францын Засгийн газрын өмнө ичгэвтэр байдалд орлоо” хэмээн ярьсан шүү дээ. Цагаандэл уул-Өлзий боомтын хувьд ч яг л ийм нөхцөл үүсээд буй. Засгийн газрын тэргүүн орон нутгийн иргэдтэй уулзахдаа ч “Боомт нэмж байгуулах тогтоолыг түдгэлзүүлье. Гэхдээ үүнийг цуцалсан гэж нөгөө талд хэлэхийг хүсэхгүй байна” хэмээн ярьсан юм билээ. Хэрэв Засгийн газар эхнээсээ энэ мэт бэрхшээлийг тооцоолж, төлөвлөж, шийдсэний дараа хөдөлсөн бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Үнэхээр улсын эдийн засаг, эрх ашигт гойд үр нөлөөтэй, стратегийн чухал ач холбогдолтой төсөл байгаад хэрэгжүүлэхээр шулуудсан юм бол ингэж эргэж хургаж, шийрэгнэж зогсох шаардлага юу сан билээ.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зургаан зорилт дэвшүүлсний хамгийн эхнийх нь “Боомтын сэргэлт”. Үүний хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх боомтыг төмөр, авто, хурдны замаар цаг алдалгүй холбож, зорчигч болон ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Эл төлөвлөгөөндөө Цагаандэл уул боомтыг ч багтаасан. Тодруулбал, Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаандэл уул хүртэл 270 км, хатуу хучилттай авто зам барихаар зураглал гаргасан юм. Тэгвэл боомтуудыг дэд бүтцээр холбох энэ төлөвлөгөө өмнийн говийн өмнөд хэсэгт тасрах бололтой.
Бэлтгэсэн: Н.Мишээл