Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөг давлаа. Тодруулбал, тус биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 1.72 их наядаар нэмэгдэж 10.29 их наяд болсон юм. Одоогоор “Хаан банк”- ны зах зээлийн үнэлгээ 2.19, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 1.72, АПУ компанийнх 1.37 их наяд төгрөг байгаа нь хамгийн өндөр дүнд тооцогдож буй. Эргэн сануулахад, биржийнзахзээлийнүнэлгээөнгөрсөн гуравдугаар сарын эхээр анх удаа долоо, дараа сарынх нь мөн эхэнд 8.7 их наядад хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчилж байсан билээ.
Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг зохион байгуулав. Эл арилжаагаар 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг нь 131.6 ам.доллароор борлуулсан байна. Ингэснээр нийт 126.7 сая “ногоон”-ы үнэтэй, 1 024 000 тонн нүүрс худалдсан аж. Өөрөөр хэлбэл, тус компанийн биржээр борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ ийнхүү нэг сая тонныг давлаа.