Дуурийн гоцлооч, энэ цагийн “Чингис хаан”, Ардын жүжигчин А.Энхтайванаар овоглох шинэ балет ДБЭТ-ын тайзнаа мэндлэх гэж байна. Тэрбээр хөгжмийг нь туурвисан гэсэн үг. “Хурмастын дагина” хэмээн нэрийдсэн уг жүжгийн ерөнхий балетмейстер нь тус театрын балетын гоцлооч, дасгалжуулагч багш Г.Батчимэг аж. Буриадууд хун шувуунаас гарвалтай гэсэн домгоос сэдэвлэн цомнолыг нь бичсэн, сонгодог дэг сургуулийн хэм хэмжээнд бүтээж буй ч, монгол үндэстэн, тэр дундаа буриад угсаатны амьдралын хэв маягийг товойлгосноор онцлог юм байна. Театрын урын санд өвөрмөц нэгэн бүтээл, шигтгээ болох энэхүү балетын нээлтийн тоглолт ирэх бямба, ням гарагт болох нь. Гол, үзэсгэлэнт дангинагийн дүрийг балетын гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул болон шинэхэн “хун” Б.Марал нар бүтээж байгаа аж. Удирдаачаар маэстро Ч.Гансүх ажиллаж буй юм.