“Монголросцветмет”-ийн 50 жилийн ой энэ онд тохионо. Тус ТӨҮГ нь 1973 онд Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмал олборлон баяжуулах, эрдэс түүхийэдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөн 101 жилийн хугацаанд салбарынхаа сайн, муу олон үйл явдлын гэрч болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуй“Монголсовцветмет” нэгдлийн Монголын талын зөвлөлийн дарга асан Д.Рэнчинхандтай ярилцлаа.
-Таныг залуу байхад уул уурхайн инженер мэргэжил ховорт тооцогддог байв уу. Ажлынхаа анхны гарааг хаанаас эхэлж байв?
-Би Дорнодын, Онон голын уугуул. Хөдөө өсөж төрснийг хэлэх үү, багаасаа л геологич болох сонирхолтой байлаа. Даанч манай Баян-Уул сумын сургуульд тэр хуваарь ирээгүй. Тиймээс Аж үйлдвэрийн яамны хуваариар Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. 1966 онд Монголд уул уурхайн анхны инженер мэргэжилтнүүд төгсөж ирсний нэг нь би. Монголын үе үеийн уурхайчдыг бэлдсэн сайхан сургууль шүү. Би сургуулиа төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянтболдын далд уурхайд хуваарилагдсан. Далд уурхайд уулын инженерээр очоод техникийн удирдагч буюу уулын ажлаа хариуцан ажилласан. Дараа нь гянтболдын энэ уурхайдаа ерөнхий инженерээр ажиллаж байгаад Хэнтийн Бэрхийн хайлуур жоншны уурхай руу шилжсэн. Эмээд минь Бүрэнцогтын ус нь таарахгүй байснаас Бэрх рүү шилжих өргөдлөө өгсөн ч хоёр жил өнгөрч, шийдвэр гарах үед эмээ минь өөд болсон юм. Ерөнхий инженер байсан болохоор миний албан тушаал дээр томилох хүн олдохгүй хугацаа алдсан юм билээ. Эмээ минь өөд болсон ч яамнаас нэгэнт шийдвэр гарсан тул Бэрхийн уурхайд шилжиж очсон.
-Бэрхийн уулын цехийн нөөц хэдэн онд дууссан юм бол?
-Бэрхийн уурхай байгуулах сэдэл нэгэн малчнаас үүдэлтэй гэдэг юм. Тэр малчин 1954 онд Жоншит толгойноос хэдэн алаг чулуу авч геологчдод харуулсан нь хайлуур жонш байж. Тэгж л Бэрхийн уурхайн шавыг тавьж анхны малтлагууд эхэлсэн байдаг. Би тэнд чанарын хувьд нэгдүгээр хүдрийн биетэд арай хүрэхгүй боловч экспортод гаргах стандарт хангадаг хоёрдугаар хүдрийн биетийг ашиглах ажлыг хариуцаж дөрвөн жил гаруй ажилласан. Хожим 1994 он хүртэл уулын цехийн олборлолтын ажлыг ашиглалтын наймдугаар түвшин хүртэл явуулж, тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглаж дууссан ч бусад Дэлгэрхаан, Булган, Чимэд, Чандгана, Тохой булан зэрэг уурхай үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харин өнөөдөр “Бэрх-Уул” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Бэрхийн уулын цехийн үйл ажиллагаа бүрэн зогссон ч далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв болгох мэдээг анх сонсоод энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд бахархаж л суулаа.
-Уул уурхайн орлогч сайдаар та хэдэн жил ажилласан билээ?
-Би Орост сургууль төгсөж, уул уурхайн инженер мэргэжил эзэмшсэнээр уурхайчнаас эхлээд уул уурхайн салбарын бодлого боловсруулах ажлыг хариуцан Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар 16 жил ажилласан. Бэрхэд тав дахь жилдээ ажиллаж байхад манай Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны сайд Мятавын Пэлжээ гуай дуудаж, Уул уурхайн хэлтсийн даргаар томилсон юм. Хожим 1976 онд Түлш, эрчим хүчний салбарыг салгаж, Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам болгоод сайдаар нь П.Очирбатыг томилсон. Би Геологи, уул уурхайн яамандаа үлдэж, 1976 онд яамныхаа орлогч сайдаар томилогдож, 1993 он хүртэл ажилласан. Тэр хооронд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, би Монголын талын ажлын хэсгийг ахалсан гээд олон үйл явдлын түүхэн гэрч болж үлджээ.
-“Монголросцветмет” ТӨҮГ-ыг анх байгуулж байх үеийн түүхээс хуваалцахгүй юу?
-1972 онд Эрдэнэтийн овооны зэс, молибденийордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл батлагдаж, 1973 оны хоёрдугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар хуучнаар БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн юм. Үүний хүрээнд “Монголросцветмет” буюу “Монголсовцветмет” нэгдэл, Эрдэнэтийн уулын комбинатыг байгуулсан. Анхдугаар хуралдаанаар “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймаг дахь Толгойтын алтны үйлдвэр, Бэрхийн үйлдвэр, Хажуу улааны үйлдвэрийг хүлээн авах бэлтгэл ажлаас тус нэгдлийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 1975 онд ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн яамны сайд П.Ф.Ломако манай улсад айлчилж, нэгдлийн харьяа үйлдвэрүүдтэй танилцан, ажлын чиглэл, зөвлөгөө өгч байлаа. 1976 онд Айргийн хайгуул ашиглалтын үйлдвэрийг “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд хүлээн авснаас гадна 1982 онд Бор-Өндөрийн хайгуул-ашиглалтын үйлдвэрийг, дараа онд нь гүний уурхайг ашиглалтад оруулж байлаа. 1987 онд Дорноговь аймгийн Өргөн сумд “Өргөн”-ий уулын үйлдвэр байгуулагдаж “Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд орсон. 1992 онд “Монголсовцветмет” хамтарсан нэгдэл нь “Монголросцветмет” болж өөрчлөгдсөн юм. 1994 оноос “Монголросцветмет” нэгдлийн 51 хувийн хөрөнгө оруулалттай “Шижир алт” ХХК-ийн Заамар дахь алтны үйлдвэр байгуулагдаж, 1995 оноос алт олборлох үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Улмаар 2002 онд “Монголросцветмет” нэгдэл нь Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгонд “Зэрэгцээ” алтны үйлдвэр байгуулснаас гадна 2005 оноос Хэнтий аймгийн Дархан сумд “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр дэх уулын баяжуулах үйлдвэр (УБҮ)-ийн “Адаг”-ийн далд уурхайг ашиглалтад оруулсан.
-“Монголросцветмет” хэзээнээс компани болсон юм бэ?
-2007 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн баталснаар “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. 2009 онд өндөр чанарын хүчиллэг баяжмалыг үйлдвэрлэх зорилгоор “Бор-Өндөр” УБҮ-ийн техник технологийн шинэчлэлийн ажлыг амжилттай хийж дуусган, 2012 онд “Баргилт”-ын уулын үйлдвэр байгуулагдсан. “Монголросцветмет” нэгдэл нь байгуулагдсан үеэсээ хойш улсын эрдэнэсийн санд 21 тонн алт төвлөрүүлж байсан бөгөөд оргил үедээ нэгдлийн хэмжээнд 5000 гаруй хүн ажиллаж байсан байгууллага юм шүү.
-Тэр үед уул уурхайн түүхий эдээ Орос руу л гаргадаг байсан биз. Хамтарсан нэгдлийн анхны захирал нь орос хүн байсан гэл үү?
-Уул уурхайн түүхий эдээ 100 хувь Орос руу гаргаж байв. “Монголсовцветмет” нэгдлийн хамтарсан үйлдвэрийг Оросоос зээл авч байгуулсан учир зээлийн төлбөрт бүтээгдэхүүнээ өгнө. Гянтболдын баяжмал, хайлуур жонш бүгд л зээлийн төлбөрт ачигдаж байсан. Хамтарсан нэгдлийн анхны захирлаар орос хүн томилохоос өөр арга байгаагүй. Монголд оросуудтай эн зэрэгцэх, захирлаар томилогдох, мэргэшсэн, мэргэжлийн чадварлаг хүн байхгүй учраас тэр. Бид бодлогоор дэмжиж, сургасан анхны хүн нь Ш.Отгонбилэг байлаа. Уул уурхайн мэргэжлээр аспирантурт хүртэл сургаж, “Монголсовцветмет” нэгдлийн дэд захирлаар нэг жил ажиллуулаад Эрдэнэт рүү томилж байсан. Энэ үйлдвэрийг удирдах хүн эрдэм номтой, орос захирлуудын түвшний өндөр боловсролтой, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай гэж үзэн Ш.Отгонбилэгийг бодлогоор бэлдсэн юм. Түүнийг Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд сурч байх үеэс ньмэдэх юм. Би яаманд ажиллаж байхдаа өнгөт металлын чиглэлийн олон улсын хуралд явна. Тэгж явахдаа сургуулиар орно, манай оюутнуудаас хэн нь ямархуу сурч байгааг харна, судална. Ш.Отгонбилэгийг чадалтай инженер болохыг төгсөхөөс нь өмнө мэдэх болсон л доо. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн уул уурхайн тэргүүний мэргэжилтнүүд болох Х.Бадамсүрэн, Г.Ёндон, Ц.Даваацэрэн зэрэголон зуун шилдэг боловсон хүчин төрөн гарсан даа.
-Та уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлоход олон жил ажиллажээ. Монголын уул уурхайн салбарыг өнөөгийн өндөрлөгөөс харахад харамсаж, халагламаар зүйл гарах юм уу?
-Би уул уурхайн салбартай одоо ч холбоотой. Салбарынхаа мэдээллийг байнга сонсоно, хэлмээр зүйлээ хэлнэ. Монголын эдийн засгийг социализмын үед ч, өнөөдөр ч уул уурхайн салбар л үүрч явна. Уул уурхайн салбарт насаараа хөдөлмөрлөсөн он жилүүдээрээ бахархдаг. Оюутны төгсөх жилд 10 сарын дадлага хийлгэдэг байв. Би Кузбасын уурхайд арван сар дадлага хийхдээ найман сар өрөмдөгч хийж, хоёр сард нь ээлжийн мастер юу хийдгийг ойлгож, уурхайд ажиллахад бүрэн бэлтгэгдэж ирсэн дээ. Төгсөж ирээд өрөмдөгчийн ажлыг зааж, өөрөө ч өрөмдөж байлаа. Одоо ч техник технологийн хөгжлөөр хийх боломжгүй ажил ховор, нөхөн сэргээлтийг ч сайн хийдэг болж.
-Төрийн ихэнх алба сонгуулийн дөрөвхөн жилээр хэмжигддэг болсон. Таны үед төрийн албанд олон жил тогтвортой ажиллуулдаг байж дээ?
-Надад уул уурхайн салбарын ажлыг олон жил хариуцуулсан нь төрийн бодлого байсан болов уу. “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг манай яам л хариуцдаг, яам гэхээр би л хийдэг байж. “Монголсовцветмет” нэгдэл 1981 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулж байлаа. Тэр үеийн шагналын үнэ цэн ч өндөр байж. 1981 онд Хажуу улааны уулын үйлдвэрийн Зүлэгтийн тосгоныг ашиглалтад хүлээн авсан гээд бүтээн байгуулалтын ажил ч ид өрнөж байж дээ.
-Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг тань онцолж Хөдөлмөрийн баатар цол танд олгосон байх?
-“Монголросцветмет” болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулахын төлөө ажилласан тэр он жил, цаг хугацааг минь үнэлсэн болов уу. Нүүрснээс бусад уул уурхайн үйлдвэрүүдийг хариуцаж байлаа. Орос, Монголын хамтарсан үйлдвэрийн зөвлөлийг хоёр талаас байгуулахад би Монголын хэсгийн тэргүүн гэдэг албан тушаал хашиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулах ажлыг анхнаас нь хариуцсан даа.
-Уул уурхайн шинэ орд газрыг нээж олоход хэцүү юү?
-Манай улсад зүүн хэсгийн хайгуул гайгүй хийгдсэн. Баруун хэсгийг одоо ч судалж л байна. Бор-Өндөр дэх УБҮ-ийг 1982-1986 онд бариулаад, ашиглалтад оруулж байлаа. Түүнчлэн Бор-Өндөр тосгоныг баяжуулах фабрикийн хамт иж бүрнээр нь ашиглалтад хүлээн авахад оролцсоноос эхлээд 1992 онд “Монголросцветмет” нэгдэл гэж нэрлэх хүртэл нь бодлогын түвшинд хариуцан ажиллажээ. Мэдээж аливаа ордын нөөц дуусна, шинэ орд газар нээнэ, судална гээд уул уурхайд зориулсан он жилүүд минь арвин түүхтэй. Намайг залуу байх үед яамны хэлтсийн даргыг хүртэл Намын төв хорооны тухайн чиглэлийн хэлтэс нь судалдаг байсан. Урьдчилж дуудаж уулздаг. Би Бүрэнцогтын уурхайдаа ажилламаар л байсан, манай хамгийн гүн уурхай. 220 метрийн гүнд үйл ажиллагаа нь явагддаг, үүнээс 40 метр гүнзгийрэх ажлын би хариуцаж байсан юм. Тушаал, томилолтоор ажилладаг байсан болохоор эмээ минь өөд болсон учраас би эндээ үлдэе гэх боломж байгаагүй л дээ. Тэр үед хамт ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд минь гавьяаны амралтаа эдэлж, зарим нь бурхан зүг оджээ. Одоо ч хэвтэрт оролгүй ингээд явж байгаа нь аштай юу л болж.
-Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ. Ануухан, хөнгөн шингэн байна шүү дээ.
-Би одоо 82 настай. Энэ насандаа хөл чангатай байгаа нь цанаар хичээллэж байсны ач гэж боддог. Манай сумын хойгуур Улзын гол урсана. Өвөлдөө мөсөн дээгүүр хүүхдүүд тэшүүрээр, урд уулнаасаа цанаар гулгана. Би 1959 онд Улаанбаатарт цанын улсын уралдаан болоход зүүн гурван аймгийг төлөөлөн ирж, айрагдаж байсан юм. Улмаар 1961 онд аравдугаар ангиа төгсөх жил Бүх ард түмний анхдугаар спартакиадаас хүрэл медаль авч байлаа. Тэгэхээр нэг их муу цаначин байгаагүй байх. Орост оюутны хэдэн жил цанаар гулгах цаг гараагүй. Нийгмийн ухааны хичээл асар хүнд, ойлгоход хэцүү, хичээлээ нухаад суудаг оюутанд цанаар хичээллэх боломж яаж ч гарах билээ. Ер нь спортын ямар ч төрөл хүнд өгөөжөө хайрладаг. Өдий насандаа хэвтэрт орохгүй хөл гар чангатай, хараа гайгүй байгаа минь цанаар гүйдэг, үндэсний сур харвадаг минь нөлөөлсөн биз. Би Монгол Улсын хүндэт харваач хүн. Энэ жил Улсын наадмаараа сур харвана. Би үндэсний сурыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Мэргэжлийг тань өвлөсөн хүүхэд бий юу. Гэр бүлийн тань хүн бас уулын инженер гэсэн үү?
-Гурван охинтой, том зээ хүүгээ удам залгуулахаар нэр дээрээ өсгөсөн. Хүү минь уурхайн инженер мэргэжилтэй, магистраа ч хамгаалсан. Манай хөгшин Д.Пүрвээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайн баяжуулах фабрикт лаборант хийж байгаад хожим Политехникийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженерийн ангийг төгссөн. “Монголросцветмет” нэгдэлд 1979 оноос хойш тэтгэвэрт гартлаа ажилласан даа.