Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээллийг орон даяар цуглуулж эхэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Статистикийн тухай хуульд “малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан. Эл түүвэр судалгааны зорилго, ач холбогдол нь оны эхний хагас жилийн байдлаар малын тоог гаргах, хянах болон малын хорогдол, төллөлтийн явцыг хянах, малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах гэдгийг дурдав. Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээллийг өчигдрөөс цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх гэнэ. Эл судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий зургаан дүүргийн 40 622 өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах юм.
Бэлтгэсэн: Б.Сонор