Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Колубаев энэ сарын 30-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр Киргизэд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа нийлүүлэх, Киргизээс жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжин ажиллахад хоёр тал санал нэгджээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ч ярилцсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Үндэсний баяр наадмаар манай улсад айлчлахаар төлөвлөж буй аж. Тиймээс Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Сайд Ж.Колубаев Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсынхаа “Ногоон өв” санаачилгатай уялдуулах боломжтой гэдгээ энэ үеэр уламжиллаа.
Бэлтгэсэн: С.Уул