Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн бас нэг давуу тал нь залуус E Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч
- Их, дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан байх
- Голч дүн 2,8 бас түүнээс дээш байх
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500
оюутныг шалгаруулжээ.
Шалгарсан оюутнууд 2 сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. 6 сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн 2 сарын турш үргэлжилнэ. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хүслээ.
Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаад, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.