Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиад өчигдөр өндөрлөж, алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын болзол хангасан107 сурагч шагналаа гардлаа. Энэ удаагийн олимпиадад 27 багийн 195 сурагч өрсөлдсөнөөс Хятад, Оросын бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог өмнөд хөршийн оролцогч авсан байна. БНСУ, Тайванийн багт ус бүр долоо, Израилынх таван медалийн болзол хангасан амжилтаар үүний дараа бичигджээ. Уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагч, үнэмлэхүй аваргыг тодруулсан аж. Хятадаас оролцсон Ланг Ченг Чао хэмээх сурагч онолын бодлогын төрөлд тэргүүлсний зэрэгцээ үнэмлэхүй аваргаар шалгарчээ. Харин туршилтын бодлогын төрөлд Оросын Игор Потапов манлайлсан байна.
Монголоос16 төлөөлөгч оролцсоноос 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Энэ нь манай улс физикийн олимпиадаас14 жилийн дараа хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм байна. Хаалтын ажиллагааны үеэр шилжин явах тугийг Малайз улсад гардуулснаар 24 дэх олимпиадыг зохион байгуулах орноор сонгогдлоо.
23 дугаар олимпиадын үеэр нэгэн онцгой үйл явдал болсон нь Нобелийн шагналт физикч Константин Новоселов хүндэт зочноор уригдан манай улсад ирсэн явдал байлаа. Тэрбээр хүүхэд, залуучуудад зориулан “Ирээдүйн материал” сэдвээр лекц уншсан төдийгүй Боловсрол, шинжлэх ухааны сайдын хүсэлтийн дагуу олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдын медалийн бүчинд гарын үсгээ мөнхжүүлжээ. Ташрамд дурдахад, профессор К.С.Новоселовт ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болсон юм.