Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр арилжсан нүүрсний сар тутмын жигнэсэн дундаж үнийг тооцож эхэлсэн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр сард баяжуулсан коксжих нүүрс тонн нь дунджаар 1290, дараа сард нь 1340, гуравдугаар сард 1383.33, дөрөвдүгээр сард 1257.14 юанийн ханштай байжээ. Баяжуулсан сул коксжих нүүрсний хувьд дөрөвдүгээр сард тонн нь 960 юанийн үнэтэй байсан аж. Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний тухайд хоёрдугаар сард тонн нь дунджаар 178.7, гуравдугаар сард 178.1, өнгөрсөн сард 154.83 ам.долларын ханштай байсан гэнэ. Тэгвэл эрчим хүчний нүүрс гуравдугаар сард тонн нь 71.8 “ногоон”-ы үнэтэй байсныг МХБ-ийн статистикаас харж болохоор байв. Эргэн сануулахад, МХБ экспортод гаргах нүүрсний анхны арилжааг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд зохион байгуулсан билээ. Тус биржээр энэ оны нэгдүгээр улиралд арилжсан нүүрсний хэмжээ 1 081 600 тоннд хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.