“Номын соёлт ертөнц” байгууллагаас 16 дахь жил, 31 дэх удаагаа үндэсний номын баярыг гурван өдрийн турш нийслэлийн төв талбайд зохион байгуулав. Эднийх уг арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор явуулж буй бөгөөд УИХ-ын Тамгын газартай хамтардаг болсон. Энэ удаа эхний өдөр нь салхитай, зэврүүн, хоёр дахь өдөр нь бороотой байсан ч номд дуртай хүмүүс төв талбайн зүг ирсээр байсан юм. Сүүлчийн, нарлаг өдөр бүр ч олон хүн цуглав.
Уг баярыг сүүлийн таван жил сурвалжилсан тул өмнөхөөс юугаараа ялгаатай байна вэ гэдэгт анхаарал илүүтэй хандуулж явлаа.
Нийгэмд нэлээд танигдсан зохиолч, сэтгүүлч, нийтлэлчид, мөн хуучнаар бол идэвхтэн бичигчид хойд хэсгийн асруудад суумтгай. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн гэргий ханийнхаа болон хүү Л.Хасарынхаа “Бурханы нулимс” хэмээх бүтээлийг уншигчдад санал болгож сууна. Түүний зэрэгцээ Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа “Сайн хаан Бат”, “Тогосын цөс”, “Самар хатан”, “Сорхугтани хатан”-гийнхаа уншигчидтай яриа өрнүүлж байлаа.
Археологич Д.Эрдэнэбаатарын “Хүн улсын соёлын өв” болон тухайн цаг үеийн талаар “эргэн сурвалжилсан” судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг сонирхож буй хүн нэлээд харагдана. Нийтлэлч А.Баатархуяг гэргий Г.Уянгатайгаа хамт шинэ бүтээлүүдээ дэлгэжээ. Зохиолч Ш.Солонго, сэтгүүлч Б.Номинчимэд, нийтлэлч Б.Балдорж нар ойролцоо байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Монгол төрийн алтан аргамжийн бодлого” номоороо танигдсан Л.Хайсандай, яруу найрагч, шинжлэх ухааны доктор Г.Лхагваа нарын бүтээлийг төлөөний хүмүүс нь олон нийтэд танилцуулж байлаа. Тэдний урд эгнээнд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Урианхай харагдана.
Л.Хайсандайн “Монгол төрийн алтан аргамжийн бодлого”-ын I ба II дэвтрийг нэг боть болгон хэвлүүлжээ. Тэгэхээр уг ботид нэгдүгээр дэвтэр дэх “Монголын их хаадын үеийн төрийн алтан аргамжийн бодлого (XIII-XIV зуун)”, харин хоёрдугаархад нь байдаг “Монгол төрийн тусгаар тогтнолын замнал: Алтан аргамжийн бодлого (XX зуун)” гэсэн агуулгыг багтаасан гэсэн үг.
Энэ жилийн номын баяр, худалдаа өмнөхөөс юугаараа ялгаатайг тогтоохын тулд хүмүүс ямар ном, бүтээл илүүтэй сонирхож байгааг анзаарах явдал хэмээн бодсон юм.
...Тэдний хамтран бичсэн номыг талд нь ортол уншсан юм. Бага насны хүүхдийг томчууд ямар, ямар байдлаар хүчирхийлж, дарамталж байдаг хэлбэр бүрийн талаар мэдэв. Өнөөдөр ч ийм амьдралтай хэдэн охин үр, эрэгтэй хүүхэд ч гэсэн хаана, хаана, яажшуухан амьдарсан болж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо...
Холоос харж байгаад хүн олонтой асруудад очлоо. Хамгийн олон хүнтэй нь “Цаглашгүй гэрэлт төв”-ийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийнх байв. “Бурхан багшаас зарлигласан авралт тарнийн сахиус хийгээд урлаачийн эмхэтгэн найруулсан “Цөвүүн цагаас гэтэлгэх Богдсын бошго лүндэн”, насны барцдын шалтгаан нөхцөл, түүнийг засах аргын тухай өгүүлсэн “Насны авшиг даллах нандин увдисууд”, зүүд гэгч юу болох, зүүдээ танин мэдэж, учир шалтгааныг нь хэрхэн тайлах тухай өгүүлсэн “Зүүдээ ухаарахуй” зэрэг номыг нь худалдаж байна” хэмээн шавь нь бололтой бүсгүй тайлбарлаж байлаа. Авралт тарнийн сахиус гэдэг нь бурхан урлаачийн бүтээсэн зурган мэдээлэл аж. Тэрхүү, жаазлаад өлгөх зориулалттай бүтээлийг авах гэсэн хүн олон байсан тул хүмүүсийн суган доогуур халти харав. Бурхан урлаач ард нь гарын үсгээ зураад тун завгүй байлаа. Мөн эмэгтэйчүүд зүүн, харин эрчүүд баруун мөрөндөө наах учиртай гээд маанийн үсэгтэй гэхээр жижиг дөрвөлжин цаас тарааж байсан бөгөөд авсан хүмүүс сүсэглэн залбирч байлаа.
Хажууд нь “Psychology publishing”-ийнхан байрлажээ. “Хүн байх нь: Сэтгэл засалчийн тэмдэглэл” номынхоо талаар ярихыг нь сонсож хэсэг зогслоо. Энэ нь сэтгэл заслыг үндэслэгч Карл Рожерс амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өөрийн хүн төвт онол, сэтгэлзүйн зөвлөгөөний арга техникээ энгийн уншигчдад зориулж хялбаршуулан бичсэн бүтээл аж. Янз бүрийн жишээ олонтой юм байна.
Монголын оюун ухааны академийнхан ном, гарын авлагууд санал болгохын сацуу “Бүтээлчээр суралцъя” зуны сургалтынхаа зарыг түгээж байлаа. Сурталчилгааны хуудсандаа олон улсын их мастер Н.Энхшүр, дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр нарын Хятадад болсон оюуны сорилын шоунд ялагч болсон тухай мэдээг бичсэн нь сонирхолтой. Мөн хүн-тооны машин С.Чингим хүүгийн тухай ч мэдээлсэн байв.
Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургалтын “Манба дацан” төвийнхөн найр тавин угтлаа. Тэд “Оточ манрамба” их сургуульд элсэхийг урьж байгаа аж. Насны хязгаар үгүй, хүсвэл 50, 60 гарсан хүмүүс ч суралцаж болох тухай ярьсан.
Урдхан талд нь “Зохиолч, мисс Б.Номин-Эрдэнэ” гэсэн хаягтай асарт очвол гоо бүсгүй өөрийн бичсэн “Залуу хатагтай бүрийн унших 365 зөвлөгөө” номоо танилцуулж байлаа. Тэрбээр “Монголын 2022 оны мисс” өргөмжлөлтэй аж. Франц улсад суралцаж, хэсэгтээ амьдрах хугацаандаа хүн, тэр дундаа залуу бүсгүйчүүдэд ямар асуулт, асуудал тулгардаг, хэрхэн ая, эвийг нь олж даван туулбал зүгээр вэ гэдэг тухайд өөрөөсөө асууж, өөрөө хариулдаг байснаа ном болгон, бусадтай хуваалцахаар шийдсэн гэнэ.
Хажуугаар өнгөрсөн хүмүүс дунд “Бүгд л шархтай, асууя” гэсэн жижигхэн дөрвөлжиндүү ном барьсан хүмүүс яваад байхаар нь хаана байгааг нь асуусаар олов. Хоёр бүсгүй байна. Өмнүүр нь зураг, бичиг бүхий чулуунууд өрөөстэй. Тэднээс ямар учиртайг асуухад эдгээр нь бүсгүйчүүдийн зүгээс хүмүүст зориулж хэлэх гэсэн мессежүүд аж. Нэг чулуун дээр “Уучлал, талархал, хайр” гэжээ. Бас нэг дугаар дээр тоонууд байна. Өөд өөдөөсөө харан суугаа хөх цөцгий гэхээр шувуу байна. Бас хос эрвээхэй ч байв. “Бүгд л шархтай, асууя” номынх нь тухай асуухын өмнө бүсгүйчүүдтэй танилцъя гэж бодлоо. Тэдний нэр О.Пүрэвдалай, Д.Гэрэлчимэг бөгөөд иогийн багш нар юм байна. Сэтгэлээрээ, бүр сэтгэлийн долгионоор нийлсэн найзууд төдийгүй, уран бүтээлийн хамтрагчид аж. Тэд ном бүтээж, худалдаж мөнгө олох гэсэндээ бус, харин цаг нь ирсэн тул сэтгэлээ уудлах, хэрвээ бусад хүн хүсвэл харилцан ярилцаж, улмаар үр дүнд нь эерэг энерги, хайр түгж байхыг хүссэн тухайгаа хэлж байлаа. Эмэгтэй хүүхэд, тэр дундаа бага насандаа бүтэн өнчирсөн охин үр юу, юу туулж, мэдэх, мэдэхгүй олон асуудалтай нүүр тулж, заримдаа амиа хорлох тухай бодох хүртэл зовдгийг мэдэх хүн өөрөөс нь өөр байдаггүй гэдгийг ил гаргахыг хүссэн нь номоос илт. Тэдний хамтран бичсэн номыг талд нь ортол уншсан юм. Бага насны хүүхдийг томчууд ямар, ямар байдлаар хүчирхийлж, дарамталж байдаг хэлбэр бүрийн талаар мэдэв. Өнөөдөр ч ийм амьдралтай хэдэн охин үр, эрэгтэй хүүхэд ч гэсэн хаана, хаана, яажшуухан амьдарсан болж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Номын баяр бүрээр томоохон талбайд асар засаж, уншигчдаа хүлээж авдаг нь “Интер ном” номын их дэлгүүр, “Непко паблишинг” компанийнхан. Тэд уламжлал ёсоор зохиолч, уншигчдын уулзалт зохион байгуулж, дуу хуураар цугласан олныг “дайлж” байлаа. МУИС, МОНЦАМЭ агентлаг гэхчлэн эрдэм, соёлын томоохон байгууллагууд бүтээл, туурвилаа танилцуулж байсан. Гадаад номын худалдаа эрхлэгчид олон аж.
Ховор, хуучин номын худалдаа эрхлэгчид талбайн урд хэсгээр байраа эзэлсэн байсан бөгөөд гурван өдрийн турш хүн маш олонтой байсан юм.
Хүүхдийн ном урьдын адил эрэлттэй хэвээр аж. Түүхэн болон адал явдалт зурагт тулгуурлан бүтээсэн эвлүүлдэг тоглоом авахаар дугаарлан зогсоо жаалууд гоё зурагтайг нь хэмээн өрсөлдөн байх нь хөөрхөн.
“Илүү их уншъя”, “Хүүхэд бүрт ном” уриатайгаар зохион байгуулсан 31 дэх удаагийн номын баярыг гадна талаас нь өнгөц харахад иймэрхүү дүр зураг ажиглагдаж байлаа. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд 400 гаруй байгууллага, хувь хүн оролцохоор хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 орчим хувь хүн, албан байгууллагыг хамруулсан тухайгаа хэлсэн юм.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгасны дагуу номын баярын өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.
Амралтын өдрөө хүүхдүүдээ дагуулан төв талбай дахь асруудаар “аялж”, ном, туурвил сонирхсон шигээ яваа иргэд амар амгалан ажгуу.