Ирэх сард ашиглалтад оруулж, уран бүтээлийн нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан улсын Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил гацжээ. Тус театрынхан “Ес, аравдугаар сараас нааш ашиглалтад оруулж амжихгүй нь. Энэ ондоо ч багтааж магадгүй” хэмээв. Уг театрын барилгын ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Байшингийн гаднаас харахад бүрэн гүйцэд барьсан мэт боловч дотор засал, гадаах зам, талбай, үерийн далан мэтийн ажил удааширснаас төлөвлөсөн хугацаандаа үзэгчдээ хүлээж авах боломжгүйд хүрчээ. Хүүхэд, залуучуудын театрыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт барьж буй. Тус дүүргийн Соёлын төвийн зориулалтаар барьж эхэлсэн уг барилгыг Засгийн газраас улсын Хүүхэд, залуучуудын театр болгох шийдвэрийг 2021 оны зургадугаар сарын 1-ний хуралдаанаараа гаргасан билээ.
Уг театрыг 110 уран бүтээлч болон ажилтантай байлгах аж. Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгах гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Э.Батбаяртай “Манай дүүрэгт Соёлын төв, ордон гэж байгаагүй. Дээхнэ үед Мах комбинатын дэргэдэх Соёлын ордон л гэж байлаа. Тэнд янз бүрийн сонирхолтой арга хэмжээ болоход иргэд очиж хэвшсэн байсан. Анх нийслэлийн захын хорооллын хүүхэд, залууст соёл урлагийн үйлчилгээг ойртуулах зорилгоор уг байгууламжийг Соёлын төв, ордны зориулалтаар барьж эхэлсэн ч цар тахлын дараа улсын театр болгох шийдвэр гаргасан юм. Хоёр ч гудамжны айлуудын газрыг чөл өөлж, барилгын ажил эхлүүлсэн. Одоо дуусаж байна. Удахгүй ашиглалтад оруулах байх” гэсэн юм. Хүүхэд, залуучуудын театрын захирлаар түр томилогдоод байсан, саяхан жинхэлсэн жүжигчин Н.Ариунболдоос театрын өнөөгийн байдал болон ойрын ирээдүйн талаар тодрууллаа.
-Театраа хэзээ нээх вэ?
-Зургадугаар сард гэсэн товтой байсан, хойшлогдсон. Ес юм уу, аравдугаар сард нээх байх. Урьдчилж хэлэх аргагүй саад бишгүй байх юм. Гэсэн ч энэ онд багтааж нээнэ.
-Яагаад хойшлогдов?
-Барилгын дотоод ажлын гүйцэтгэл дутуу. Зам тавих, үерийн далан байгуулах гээд гадаах зөндөө ажлыг хийгээгүй.
-Уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн үү?
-Одоогоор үгүй. Ашиглалтын өмнөх захиргаа л ажиллаж байна. Жил гаруй боллоо. СУИС-ийн энэ жилийн төгсөгчдөөс сонгон шалгаруулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу баг бүрдүүлнэ. Эхлээд барилгаа төгс гүйцэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй байна. Цар тахлын улбаагаар хил, гааль, тендер гээд санаснаар болохгүй, биднээс хамаарахгүй бэрхшээл тулгарсан. Зарим тендер маргаантайн улмаас дахин зарлах юм. Анх Соёлын ордны зориулалттай байсан болохоор зурагт нь өөрчлөлт оруулсан. Үнэлгээ, үнэлэмж нь ч өөрчл өгдсөн. Байшин дотор байшин барихтай адил юм болж байна. Театр, өөрөөр хэлбэл, мэргэжлийн урлагийн байгууллага болж байгаа учраас зохих стандартыг хангах ёстой.
-Нийт 110 хүн ажиллах юм билээ. Тэдгээрээс хэд нь уран бүтээлч байх вэ?
-Уран бүтээлийн анги 45 хүнтэй. Мөн захиргаа, аж ахуй, үйлчилгээний алба гэж байна.
-Театрын барилга хотын төвөөс хол юм.
-Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр 25 жилийн дараа хүүхэд, залуучууддаа ирж байна. Өмнөх театр 1997 онд хаалгаа барьсан шүү дээ. Сонгинохайрхан бол хамгийн олон оршин суугчтай дүүрэг. Тэнд хүүхэд, залуус олон. Хамгийн гол нь хотын төвийнх өн “нүүж очиж” үзтэл нь уран бүтээл хийх ёстой. Бид чадна. Түүхэн, сонгодог, орчин үеийн сэдэвт бүтээлүүд туурвина. Энэ театр уран бүтээлийг чөлөөтэй туурвисан, хүүхэд шуугьсан өргөө байх болно. Хотын баруун хэсэгт “Улаанбаатар палас”-аас цааш театр, танхим байдаггүй. Мэргэжлийн урлагийн байтугай соёл урлагийн томоохон төв байхгүй. Тийм болохоор энэ театр эрэлтээс үүдсэн соёлын томоохон төв юм. Тийм болохоор бид сайн үйлс эхлүүлж байна хэмээн бэлгэшээж, ихэд хичээж ажилладаг.