Монголд шинжлэх ухааны үндэслэлтэй палеонтологийн судалгаа эхлүүлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй юм байна. Үүний хүрээнд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Өмнөговь аймгийн Баянзаг сумд ирэх долдугаар сарын 29, 30-нд “Үлэг гүрвэлийн баяр” зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр “Жадохтын үеийн үлэг гүрвэл” явуулын үзэсгэлэн, “Дино маниа” гала шоу, динозаврын ангуучид буюу палеонтологичдын отогт зочлох аялал зэрэг арга хэмжээ явуулахаар хөтөлбөр гаргажээ. Түүнчлэн зорин ирсэн хүмүүсийг үлэг гүрвэлийн өлгий нутаг Баянзагтай танилцуулж, ховор, сор олдворууд үзүүлэн, палеонтологийн малтлага судалгаа, танин мэдэхүйн тусгай хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн аж. Уг арга хэмжээг орон нутгийн, тэр дундаа шинжлэх ухаанд тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.