Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх үеэр “Чингис хаан” музейд зочлов. Манай хоёр улсын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын IX Луи хаан элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй. Францын үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл, Каталоны атлас зэргийн хуулбар “Чингис хаан” музейд бий. Ирэх аравдугаар сард Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн. Эл үзэсгэлэнг хоёр улсын Төрийн тэргүүн дэмжихээс гадна Монгол болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар айлчлалын албан ёсны хэлэлцээний үеэр талууд тохиролцоод буй. Энэ үеэр “Чингис хаан” музейн зарим үзмэрийг дэлгэх бололтой. Цаашлаад ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн бүтээл туурвихад шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулахаар болсон юм.
Ерөнхийлөгч нарын хэлэлцээний үр дүнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийн талаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллах гэнэ. Мөн батлан хамгаалахын салбарын харилцааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжихээр болов. Үүний сацуу манай цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлэх юм. Басиргэний хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, ОБЕГ Франц улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь. Ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах Монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулах аж. Түүнчлэн Францын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатарт агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгч нар ярилцсан юм. Үүнээс гадна гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч, мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэхээр Төрийн тэргүүн нар санал нэгджээ.
Бэлтгэсэн: Б.Уран