Чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ нийгэмд юу юунаас илүү үгүйлэгдэж буйг, засаж залруулах, өөрчлөн шинэчлэх зүйл тус салбарт өчнөөн байгааг нийтээрээ хөндөх болсон энэ цаг үед боловсролын хуулийн төслийг нийгмээрээ хэлэлцэж байна. Манай улс Боловсролын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн түүнийг дагалдуулан Дээд боловсролын, Бага, дунд боловсролын зэрэг олон хуульд тухай бүрт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хугацаанд боловсролын тогтолцоонд нийгэм, цаг үеийн өөрчлөлт, хөгжлөөс шалтгаалсан зарчмын, зохион байгуулалтын гэж хэлж болохоор, хууль, эрх зүйн хүрээнд зохицуулахаас аргагүй шинэ олон асуудал бий болсон. Тиймээс 20 гаруй жилийн өмнөх хуулиа цоорхой хувцас шиг нөхөж сэлбээд л хэрэглээд байх биш, дорвитойхон өөрчлөх шаардлагатай гэж үзсэний дээр Засгийн газар үүнийг шинэчлэн боловсруулаад буй. Боловсролын тухай хуулийг өөрчлөх замаар тогтолцооны гажуудлыг засах цаг болсныг жирийн иргэнээс эхлээд салбарын судлаач, мэргэжилтнүүд, сурган хүмүүжүүлэгчид ч хүлээн зөвшөөрдөг. Харин тус хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, өмнөхөөс сайжруулж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.
Боловсролын ерөнхий болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Засгийн газар 2021 оны зургадугаар сард өргөн барьсан. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 3-нд хийсэн юм. Хууль санаачлагчид “Энэ удаагийн багц хуулийг баталснаар боловсролын салбарт реформ хийх үндэс суурийг тавина” хэмээн ярьж буй. Түүнчлэн ялгаатай, тэгш бус байдлыг халж, Үндсэн хуулиар иргэдэд олгосон боловсрол эзэмших, сурах суурь эрхийг хангах төрийн үүргийг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч боловсролын салбарынхан шинэ хуулийн төсөлд зөрчилтэй, аль нэг талын эрх ашгийг ноцтой хөндсөн, өөрчлөх, нэмж тусгах зайлшгүй шаардлагатай зүйл цөөнгүй бийг дурдаж байна. Түүнчлэн хууль тогтоогчдыг зарим заалтад няхуур, хянамгай хандахыг, иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриалсаар буй юм.
Иргэд, олон нийт, хууль боловсруулагчдын голчлон ярьж буй боловсролын тэгш бус байдлыг халах зохицуулалт хуульд биеллээ олсон уу. Ер нь үүнтэй холбоотой ямар, ямар онцлог зүйл, заалтуудыг тусгасан бэ. Өмнөхөөс дордуулсан нь юу байна вэ. Эдгээр асуултын хүрээнд салбарын судлаач, мэргэжилтнүүд болон зарим байгууллагынхны байр суурийг хүргэж байна.
АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХААР СУРГАЛТЫН ЧАНАР АЛДАГДДАГ
Г.ТҮМЭНГЭРЭЛ (“Нээлттэй, нэг боловсрол” төрийн бус байгууллагын шинжээч, багш):
-Шинэчилсэн хуультай холбоотойгоор хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь боловсролын байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, эсэх юм. Одоогийн хуульд “Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө байна”, “Төрийн бус өмчид түшиглэсэн сургалтын байгууллага ашгийн болон ашгийн төлөө бус байна” гэж заасан байдаг. Харин шинэчилсэн найруулгад ялгаа заагийг нь ингэж нарийн тодорхойлолгүй, “Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус, эсвэл ашгийн төлөө байж болно” хэмээн тусгасан нь анхаарал татаж буй. Боловсролын сургалтын байгууллага гэдэгт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, коллеж, дээд сургуулийг хамруулсан. Үүнд тусгаснаас үзэхэд сургалтын байгууллагууд төр, хувийн хэвшлийнх байхаас үл хамаараад ашгийн төлөө ажиллах уу, үгүй юү гэдгээ өөрсдөө шийдэх нөхцөл бүрдэх нь. Өмнө нь зөвхөн хувийн сургууль, цэцэрлэгүүдийг ашгийн төлөө ажиллахыг зөвшөөрдөг байсан бол нэмээд төрийн өмчийнхөд ч ийм боломж олгож байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн үүнийг хөндөж байна лээ. Гэтэл хууль боловсруулагчид нь “Ашгийн төлөө хэмээх ойлголт зөвхөн хувийн байгууллагад хамаатай” гэж тайлбарласан. Хэрэв тийм бол үүнийгээ хуульд ойлгомжтой, тодорхой, ялгаатай байдлаар тусгах хэрэгтэй. Боловсролын байгууллагууд ашгийн төлөө ажиллаад ирэхээр сургалтын чанар алдагддаг. Боловсролыг, суралцагчдыг мөнгө гэж хардаг. Үүний үр нөлөөг бид одоо амсаж байгаа. Хүмүүс нийгэмд баян, ядуугийн ялгаа хэт их болсон гэж ярьдаг. Тэгвэл тэгш бус байдлаас шалтгаалсан хэт ялгаатай байдал боловсролын салбарт ангал үүсгэчихээд байна. Боловсролын байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг дэмжсээр байвал энэ ангал улам томорно. Ядуурал, сэтгэлгээний доройтол газар авна. Би сургууль, цэцэрлэгийг ашгийн төлөө бус байх ёстой гэдэгт саналаа өгсөн.
ТЭГШ БУС БАЙДАЛ ГААРАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭН НӨЛӨӨЛСӨН
Н.ГЭРЭЛМАА (Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн, судлаач):
-Боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэр ямар байх вэ гэдэг маргаан олон жил үргэлжилж байна. Олон улсын чиг хандлага, үзэл баримтлалаа дагах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд “Боловсрол бол бүх нийтийн сайн сайхны төлөөх үйл хэрэг. Тиймээс бүгдэд хүртээмжтэй байх ёстой” гэсэн нийтлэг зарчим баримталдаг. Төр хуулиараа “Боловсролын байгууллага ашгийн төлөө ажиллана” гээд хүлээн зөвшөөрчихөөр энэ зарчмыг алдагдуулчихаж байгаа юм. Мөнгөтэй нь чанартай, мөнгөгүй нь чанаргүй боловсрол эзэмшдэг тэгш бус, ялгаатай сонголтын өмнө иргэд цаашид ч очно гэсэн үг. Тиймээс Боловсролын ерөнхий хуулийн 18.3 дахь заалтыг дэмжихгүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүртээх нь боловсролын реформын гол зорилго байх ёстой” гэсэнтэй 100 хувь санал нийлж байгаа. Энэ салбарт хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол тэгш бус байдал.
Ашгийн төлөө ажилладаг хувийн сургуулиуд төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулж, татвараас зайлсхийдэг учир цаашид компаниар бүртгэж, Компанийн тухай хуулиар зохицуулах заалтыг шинэ хуульд тусгасан. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах компаниудад хувьсах зардал олгох нэрээр улсын төсвөөс санхүүжүүлэх нь зохисгүй. Хувийн сургууль, цэцэрлэгүүд төсвөөс авсан мөнгөнийхөө зарцуулалтыг ил тод тайлагнадаггүй, төр ч хяналт тавьж, хариуцлага нэхдэггүй шүү дээ. Л.Энх-Амгалан сайд “Боловсролын салбарт хувийн хэвшлийнхний гүйцэтгэсэн үүрэг их, үгүйсгэж болохгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 10 орчим хувь нь хувийн сургуульд сурч байна. Сургуулийн өмнөх боловсролын ачааг хувийн цэцэрлэгүүд л нуруун дээрээ үүрдэг” гэж ярьсан. Үүнтэй санал нийлж байна. Боловсролын салбарт тэгш бус, ялгаатай байдал гаарахад хувийн хэвшлийнхний гүйцэтгэсэн үүрэг үнэхээр их.
ЧӨЛӨӨТ СОНГОЛТ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ
Н.ЦЭНГЭЛ (Боловсрол судлаач):
-Төр тэртэй, тэргүй боловсролын үйлчилгээг дангаараа хангаж чадахгүй учир хувийн хэвшилд боломж олгох нь зүйтэй. Онцгой буюу жишгээс хэт өндөр сургалтын төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй, бусдад нь өмнөх жишгийн дагуу өгье гэж байгаа юм билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэл аль ч салбарт байдаг шүү дээ. “Бүх сургалтын байгууллага ашгийн төлөө бус байна” гээд хатуу хуульчилчихвал хэдэн байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, хэчнээн хүүхэд сургууль, цэцэрлэггүй хоцрох бол. Ер нь чөлөөт сонголтыг урьдын хэвээр үлдээх хэрэгтэй. Шалтгаангүйгээр төлбөрөө эрс нэмдэг сургуулиудад хяналт тавиад, төсвийн зарцуулалтыг нь нээлттэй болгочиход л асуудалгүй. Төрийн болон хувийн өмчийн сургуулийн сурагчдын хооронд яагаад тийм их ялгаа үүсэв. Сайн гэгдэх багш нар яагаад хувийн сургалтын байгууллагад ажиллахыг илүүд үзэх болов. Эдгээр асуултад хариулж, дүгнэлт хийх шаардлагатай. Боловсрол ашгийн төлөө байх ёстой, үгүй гэж мэтгэлцэхийн оронд улсын сургуулиудын сургалтын чанар, багш нарын асуудалд анхаарах ёстой юм. Багшаар чиг үүргийн бус элдэв ажил үүрэг хийлгэхийг хориглох, таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох заалт шинэ хуульд оруулсан нь зөв.
ИРГЭДИЙН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ТӨР БАТАЛГААЖУУЛДАГ
“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл:
-Эл хуулийг шинэчлэх үйл явц 2020 оноос эхэлсэн ч боловсрол ашгийн төлөө байх уу, үгүй юү гэдэгт ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл шийдэлд хүрсэнгүй. Дэлхийн хүн бүр, эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, насанд хүрэгчид ялгаагүй бүгд боловсрол эзэмших, насан туршдаа суралцах эрхтэй. Энэ бол 2015 онд дэлхийн улс орнуудын Засгийн газар баталсан, Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилго болох “Эрх тэгш байдлыг хангасан, чанартай боловсролыг бүх нийтэд олгох, насан туршид суралцах боломжийг дэмжих” үзэл баримтлал юм. Хүн бүр боловсрол эзэмших эрхтэйн адил улс бүхэн олон улсын хууль, эрх зүйн дагуу энэ эрхийг хүндэтгэн хамгаалж, хангах үүрэгтэй. Хүн бүрийн үнэ төлбөргүй, чанартай боловсрол эзэмших энэхүү эрхийг баталгаажуулах хариуцлагыг төр хүлээдэг. Хувийн хэвшлийнхний боловсролын үйл ажиллагаа эрхлэх үзэл баримтлал, сэдэл тэмүүлэл нь ялгаатай байж болох ч ямагт хүний эрх, хүүхдийн эрхийн зарчмуудыг удирдлага болгон ажиллах учиртай. Энэ салбар дахь хувьчлал болон боловсролыг бизнес гэж үзэх хандлага өсөн нэмэгдэж байгаа нь олон улсын хэмжээнд асуудал дагуулж буй. Ашгийн төлөө, төлбөр төлдөг боловсролыг төр бодлогоор дэмжиж, өргөжүүлснээр нийтийн, чанартай боловсролд зориулах нэн хэрэгцээт санхүүжилтийг өөр тийш чиглүүлдэг. Үүний үр нөлөөгөөр боловсролын тогтолцоонд гадуурхал, тэгш бус байдал улам гаардаг. Ашгийн төлөө боловсролын байгууллагын зорилго нь мөнгө, түүндээ хүрэх арга хэрэгсэл нь боловсрол байдаг. Харин ашгийн бус байгууллагын хувьд зорилго нь боловсрол, түүндээ хүрэх арга хэрэгсэл нь санхүү байдаг. Боловсролын салбарт хувийн хэвшил оролцож болно, гэхдээ ашгийн бус байх ёстой. Ялангуяа ерөнхий боловсролыг ашгийн бус байлгах зайлшгүй шаардлагатай.
ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАНГАЛТТАЙ ТӨСӨВ ХУВААРИЛАХГҮЙ БАЙЖ ХУВИЙН СУРГУУЛЬД МӨНГӨ ОЛГОЖ БОЛОХГҮЙ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо” төрийн бус байгууллага:
-Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид чанартай сурах зайлшгүй шаардлагатай хүртээмжтэй орчин, ялгаатай хэрэгцээг нь хангах боломжит тохируулга, дэмжих үйлчилгээг бий болгоход хангалттай санхүүжилт хуваарилахгүй атлаа хувийн сургуульд боловсролын тогооноос төсөв олгох хууль батлахыг эсэргүүцэж байна. Хавсарсан болон хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулахад хүртээмжтэй орчин, саадгүй үйлчилгээ бий болгож, суралцахуйг дэмжих үндэс нь дэмжих үйлчилгээ юм. Бид үүнийг Боловсролын ерөнхий хуульд тусгуулахаар 2021 оноос хойш ажилласны үр дүнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.11-т заасан суралцагч боловсрол эзэмшихэд шаардагдах тохируулгат хэрэглэгдэхүүн, дэмжих үйлчилгээгээр хангагдана” гэсэн заалт оруулсан. Гэвч дэмжих үйлчилгээ гэж юу болохыг нэр томьёо хэсэгт оруулаагүйн зэрэгцээ салбар дундын зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэх гарцыг тусгаагүй. Иймд энэ бүхнийг Боловсролын ерөнхий болон Бага, дунд боловсролын тухай хуульд журмаар зохицуулахаар тусгаж өгөхийг хүсэж буй. Дэмжих үйлчилгээг бага наснаасаа авдаг болгох зохицуулалтыг энэ хуульд тусгахгүй бол боловсролын гадна байгаа хөгжлийн бэрхшээлтэй 4500 хүүхдийн эрх зөрчигдөж, насан туршдаа гэр бүлээсээ хараат байх нөхцөл бүрдээд байна.